COVID19 БА ЭЕРЭГ ХАНДЛАГА: ХАМТ ОЛОНДОО МАСК ХАНДИВЛАЛАА

22
Дэлхий даяар тархаад буй цар тахлын эсрэг улс орноороо тэмцэж буй энэ үед Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа нэгж байгууллагууд ажлын тусгай горимд шилжин бүхий л нөөц боломжоо дайчлан ажиллаж байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу COVID-19 вирусын халдвар тархсан улс орнуудаас өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй иргэдээ эх орондоо авчрах тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэн ажиллаж байгаа билээ. Тухайлбал, өчигдөр БНСУ-ын Сөүл хотоос 244 иргэнээ авчирсан. Харин өнөөдөр /гуравдугаар сарын 16/-нд Япон Улсын Токио, ХБНГУ-ын Берлин, ОХУ-ын Москва хотоос иргэдээ авчирч байгаа бол 3 дугаар сарын 18-нд БНТУ-ын Станбул хотоос тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм.
Цар тахлын голомтод бүсээс монголчуудаа авчирч тусгаарлах зэрэг ажлын бүсэд Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтнууд үүрэг, чиглэлийнхээ дагуу мөн оролцож ажиллаж байна.
Онцгой энэ ажлын үеэр Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтан О.Отгонсамбуу нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн гараар үйлдвэрлэсэн 500 ширхэг амны хаалтыг Иргэний нисэхийн үндэсний төвийн ажилтнууддаа хандивлажээ.Үндсэн ажлынхаа зрэгцээ бүтээлч, эерэг санаачлага гарган сэтгэлийн хандив өргөсөн ажилтан О.Отгонсамбууд хамт олноос нь ажлын өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.