Ууланд авирах нь дан ганц спорт биш тууштай, цуцашгүй байх төлөвшил юм.

865

Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Алтангэрэлийн Баттогтох гэдэг. Би Ховд аймгийн Жаргалант суманд 1981 онд төрсөн. Ховд аймагт арван жилээ төгссөн.  Механик инженер мэргэжилтэй. 2003 оноос хойш “Чингис хаан” ОУНБ-д ажиллаж байна. Анх 2003 онд аэродромын албанд ажилчнаар дараа нь 2010 оноос механик, 2013 оноос орнитологич техникч гэсэн албан тушаал дээр одоог хүртэл ажиллаж байна.

Оринитологич гэхээр бас зарим хүмүүс мэдэхгүй байж болох юм? Ажлынхаа талаар яриач?

Ер нь бол орнитологич гэдэг нь шувуу судлаач гэсэн үг. Иргэний нисэхэд Орнитологич нь агаарын хөлөг шувуу болон зэрлэг амьтантай мөргөлдөх эрсдэлийг тодорхойлох, нөлөөллийг бууруулах зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг. Жаахан дэлгэрүүлж хэлбэл нислэгийн талбайд орж ирсэн шувуудын нэр, тоо толгой, байршил, цаг хугацаа, шалтгааны бүртгэл судалгаа тасралтгүй хийх, агаарын хөлөгтэй мөргөлдсөн шувуу, судалгааны үр дүнтэй уялдуулан аюулаас сэргийлэх үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийг төлөвлөх, зохион байгуулах, сургах зэрэг нэлээд нарийн зохион байгуулалттай ажилладаг. Манай улсын нисэхийн салбарын энэ үйл ажиллагаанд анхны орнитологичийг 2008 онд Аэродромын албанд авч байсан бол ажлын хэрэгцээ шаардлагатай уялдуулан 2013 онд орнитологич техникч 1, 2015 онд шувуу хянах, үргээх 4 хүний орон тоо нэмэгдэж, одоогоор орнитологийн хэсэг болон өргөжөөд байгаа. Гэхдээ шувуу хаанаас ч хамаагүй гэнэт нисээд ирдэг учраас мөн бүгдийг нь илрүүлээд, зуун хувь үргээхэд мэдээж хэцүү. Тиймээс энэ үйл ажиллагаанд нислэгийн удирдагч, хяналтын ажилтнууд, аюулгүй байдлын албаны ажилтнууд бас хамтран ажилладаг.

Шувууны аюул яаж бий болдог, хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

Энгийн үед хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй болохоос биш нарийн ажиглавал их сонирхолтой. Зөвхөн манай аэродромын бүсэд тэмдэглэгдсэн шувуу гэхэд 120 гаруй зүйл бий. 2008 оноос хойш шүү дээ. Зөвхөн манай хамгаалалтын хашаан дотор гэхэд 50 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн байдаг.

Шувуу агаарын хөлөгт хэзээ ч аюул учруулах магадлалтай. Шувууны гол аюул нь түүний хэмжээ, тоо толгойгоос хамаардаг. Тэгэхээр том биетэй, сүргээрээ нисэж байгаа шувууд нислэгийн зурваст орж ирэх нь илүү аюултай байдаг.

Нисэх буудалд шувуу байрших нь газар зүйн онцлог, хот төлөвлөлт, хог хаягдал гээд л олон шалтгаантай л даа. Шувууг зөвхөн үргээхдээ биш, цогц судалгаа хийгээд тэрэндээ  тохирсон арга хэмжээ авах нь чухал. Аэродромын бүсэд шувуу цуглах гол үндсэн шалтгаан нь хог хаягдал байдаг учраас хүнсний хаягдал юм уу шувууны анхаарал татахаар зүйлийг эйрпортын ойролцоо үүсгэхгүй байх, хаяхгүй байхыг хүмүүст анхааруулмаар байна.

Та шувуу дурандаж судалдаг ажил мэргэжлийн онцлогтой холбоотой гэрэл зураг сонирхох болсон уу, хоббиныхоо талаар?                                     

 Ер нь байгальд аялах дуртай байсан. Тийм болохоор ч тэр үү амралтаараа камераа үүрээд шувуу ажиглаад хаашаа ч хамаагүй явчихдаг байсан. Тэгээд байгалийн гэрэл зураг авдаг байгаад, ууланд татагдаж эхэлсэн дээ.  Сонирхлынхоо дагуу Хоризон гээд алхалтын клубийг 2015 онд анх үүсгэн байгуулалцаж байсан.

Таны ажил ч тэр хобби ч тэр явж явж байгальтай л холбогдоод байх юм. Клубийнхээ талаар яриач?

Хоризон клуб маань Улаанбаатар хотыг тойрсон уулнуудаар долоо хоног бүрийн бүтэн сайн өдөр болгон алхалт хайкинг хийдэг. Бид зөвхөн хоббигоороо нэгдэж чөлөөт цагаа үр бүтээлтэй эрүүл агаарт сонирхолтой, хөгжилтэй, хамт олонтой, байгальтай ойр өнгөрүүлэхийг хичээдэг. Ууланд нийгэмд зөв үлгэр дуурайлалтай, зорилготой, хүсэл тэмүүлэлтэй, зөв энергитэй, идэвхтэй хүмүүс алхдаг санагддаг. Бидний алхалт сонирхсон найман настнаас наян настан хэнд ч нээлттэй. Мөн Хоризон клуб нь уулын спортын бүхий л төрлүүд, өндөр уулын авиралт, марафон гүйлт, уулын гүйлт, ханан хад болон мөсөн хананы тамирчдаа дэмжиж үйл ажиллагаа явуулдаг.

2020 гэсэн азын тоотой он гарч, хулгана жил гарах гэж байна. Энэ жилд таныг маш том зорилго тавьсан гэж сонссон? Тэр талаараа хуваалцахгүй юу

 Уулчин хүний нэг том хүсэл нь дэлхийн зулайд золгоод төрийнхөө далбаагаа мандуулчих юм сан, өөрийгөө нэг сориод үзэх юм сан гэсэн хүсэл байдаг.

Дэлхийн хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс 8848м өндөрт орших Гималайн нурууны ноён оргил Эверест оргил юм. Далайн төвшнөөс дээш 8000м -ээс дээш өндөртэй нийт 14 оргил байдаг бөгөөд одоогоор Эверестийн оргилд 7 удаа, 8000м-тай 14 оргилын 5 оргилд нь монгол хүний мөр гараад байна.

Олон улсад мэргэжлийн уулчдын баг бүрдүүлж авирах практик байдаг ба энэ нь төлөвлөгөөтэй, амжилттай авирах нэг чухал үндэс болдог. Монгол улсад ийм баг бий болж Үндэсний бие даасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн экспедицтэй болох нь ирээдүйд олон оргилд өөрийгөө сорих уулчдад гүүр болох чухал алхам болох юм.

Тиймээс бидний хэсэг уулчин залуус нэгдэж “МОНГОЛ МӨРӨӨДӨЛ -14*8000” буюу “ММ-14” багийг байгуулсан бөгөөд багийнхаа зорилгын хүрээнд Дэлхийн ноён оргил Эверест /дтд 8848м/ хайрханд 2020 оны 4 сарын 1-нээс 6 сарын 1-ний хугацаанд авирна гэсэн зорилго тавиад багийн хамтрагч Уулын спортын мастер Б.Гантулгын хамт багаж хэрэгслээ бэлдэж, дасгал сургуулилтаа хийгээд явж байна.  

Одоогийн байдлаар ямар ямар оргилууд дээр гараад байгаа вэ? Монгол уулчид маань дэлхийд хэрхэн үнэлэгддэг вэ?

Монголынхоо Мөнххайрхан, Цамбагарав, Отгонтэнгэр хайрхан, Сутай хайрхан, мөн Алтай таван богдын Хүйтний оргил гэх мэт ихэнх томоохон хайрхнууддаа гарсан. 2018 онд Европ тивийн ноён оргил Эльбрус (д.т.д 5642), ноднин Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуад ( д.т.д 6962) амжилттай авирсан.

Гадаадад дэлхийн өнцөг булан бүрээс цугласан уулчид дунд миний хувьд юу анзаарсан бэ гэхээр ахмад уулчид маань бидэнд илүү тод зам гаргаж өгсөн юм болов уу, Монголын уулчид гэхээр хүмүүс мэддэг, бас хүндэтгэлтэй хүлээж авч байсан. Тиймээс зөвхөн өөрөө амбицлах биш цаана нь Монгол улсын нэр гарч байдаг учраас нэрээ бодох хэрэгтэйг ухамсарладаг. 

Уул хүнийг хэрхэн өөрчилдөг юм бол?

Хүнд байх олон сайн чанарыг суулгадаг гэж боддог. Би гэж ярихаас илүүтэй бид гэж ярьдаг болчихдог. Маш их төлөвшүүлдэг. Өндөр уул руу чинь олон хоног хүйтэн сэрүүнд нойр хоолгүй явна. Тэр хооронд чинь элдвийн юм болж байж гарна шүү дээ.  Жинхэнэ хүний зан характер, мөн чанар харагддаг.  Уулын дүрэм журам гэж бий. Нэгдмэл зохион байгуулалттай байж авиралтын үе хэн ямар хариуцлага хүлээх гэх мэт. Уулын спорт нь өөрөө багийн спорт учраас хүн бүр маш хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Уул хүнийг хүлээцтэй, тууштай болгодог. Үг сонсдог, улам энгийн даруухан болгоод байх шиг байдаг.

Уулын спорт нь хүнээс тэсвэр хатуужил, эр зоригийг шаарддаг. Танай гэр бүл, ойр дотнынхон, ажлынхан юу гэж хүлээж авдаг вэ?

 Янз бүрээр л хүлээж авдаг. Хүн хүний харах өнцөг өөр. Сайн ойлгуулж л хэлдэг дээ.

Мөнгө санхүүгээ яаж шийддэг вэ?

 Хобби зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж хөдөлмөрлөж л явна. Ерөнхийдөө өөрөөсөө зардлаа гаргадаг, мөн клубийн зүгээс бас тодорхой хэмжээгээр дэмждэг. Сүүлийн үед зарим нэг компани, найз нөхөд бас дэмждэг болж байгаа. Өндөр уулын спорт нь өөрөө их эрсдэлтэй спорт, тэрийгээ дагаад зардал мөнгө их орох талтай. Тухайлбал уулын төлбөр, гэр баазын зардал, тухайн уулчин эрсдэлд орсон үед аврах хамгаалах үйлчилгээ гээд бүгд төлбөр  хураамжтай. Сэтгэлээрээ дэмжиж хурцалж өгч байдаг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

Ярилцсанд баярлалаа. Таны тавьсан зорилго, хүссэн мөрөөдлөө биелүүлээд ирэхийн өлзийтэй ерөөлийг танд хүргэж байна.

Баярлалаа. Та нартаа бас ажлын амжилт хүсье.

Ярилцсан: Б.Энхтуяа