ДЭГЛИЙ ЦАГААН НИСЭХ БУУДАЛ”-ЫН ЯВГАЛАХ ЗАМЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ БАЙНГЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭН АВЛАА.

191

Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгон өргөтгөлөө. Баруун бүсийн алслагдсан Увс аймгийн “Дэглий цагаан” орон нутгийн нисэх буудлын нисэх зурвасыг шинэчлэн томсгож Олон улсын нисэх буудлын зэрэглэлтэй болголоо.

Ингэснээр Увс аймгийг түшиглэн олон улсын аялалын болон ачаа тээврийн томоохон бүс болгож байгаа аж. Уг нээлтийн ёслолд УИХ, ЗГ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ, ЗГ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ИНЕГ -ын дарга Бямбасүрэн, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар, Увс аймгийн ИТХ -ын дарга Насанбат, Засаг даргын орлогч болон “Дэглий цагаан” нисэх буудлын дарга Л.Ганчимэг бусад харьяа хэлтсийн дарга нар оролцлоо.

Уг нисэх буудлыг анх 2015 онд нээж байсан бол өнөөдөр үйл ажиллагааг нь өргөтгөж олон улсын чанартай болгож буйгаараа онцлогтой юм. Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Засгийн газраас агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч байгаа. Орон нутгаас анх удаагаа Увс аймаг олон улсын нислэгийн зурвастай болж байна. Энэ бол хөгжил. Дэлхийд данстай томоохон хөлгүүд энэ зурваст газардаж, Монголын тэнгэрт нисдэг байх эхлэл тавигдлаа. Салбар яам болон ИНЕГ-ын зүгээс орон нутгийн чиглэлийн агаарын тээврээр зорчих тасалбарын үнийг бууруулах боломжтой болсон” гэдгийг онцоллоо.

Энэхүү зурвас талбайг шинэчлэх ажлыг улсын төсвийн 500 сая төгрөгийн харөнгө оруулалтаар “Увс- АЗЗА” ТӨҮГ-ын хамт олон хийж гүйцэтгэсэн байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Увс аймаг бол малын гоц халдваргүй эрүүл бүс. Ийм учраас хойд хөрш ОХУ болон Казахстан улсаас мах экспортлон авах хүсэлтэй байдаг. Энэ талаар олон жил ярьж байж Баруун Бүсийн Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлыг олон улсын стандартай болголоо. ингэснээр ОХУ -ын агаарын ачаа тээврийн ИЛ-76 маркийн том онгоц нислэг үйлдэх боломжтой боллоо. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ахиц гарна. Тухайлбал 2016 онд зөвхөн Увс аймгийн нисэх буудлаар үйлчлүүлсэн аялагчдын тоо 12000 байсан бол 2018 онд 96000 болж нэмэгдсэн. Энэ бол онцгой үр дүн. Цагаан дэглий нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгосноор ажлын байр шинээр бий болно. Цэрэг, цагдаа, Хил хамгаалах, гааль зэрэг төрийн байгууллагуудын шинэ бүтэц бий болно” гэлээ.

Харин Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар “Орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх үйл ажиллагааны эхлэл тавигдаж байна”. Орон нутгаас анх удаагаа олон улсын чанартай нисэх буудал боллоо. Цаашдаа агаарын тээврийг хөгжүүлж, алслагдсан сумдад ч бас нисэх талбай байгуулна. Улмаар орон нутгийн онгоцны тасалбарын үнийг бууруулж, орон нутгийн иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдүүлж байгаа юм” гэлээ.