“Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиумд оролцлоо.

38

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас Канад улсын Монтреаль хотноо 2019 оны 6 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулсан “Traveller Identification Programme” (TRIP) олон улсын симпозиумд Иргэний нисэхийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга Б.Алтанцом, Нисэх буудлуудын удирдах газрын дарга Д.Эрдэнэбаатар нар оролцсон.

“Traveller Identification Programme” (TRIP)-ын гол зорилго нь агаарын тээврээр үйлчлүүлэгчдийн биометрийн мэдээллийг ашиглан тухайн зорчигчийг таних орчин үеийн технологийн талаарх цогц ойлголтыг гишүүн улс орнууд хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо өсөх тутам тус салбарын ажилтнууд,  хилийн хяналтын байгууллагууд болон аялалтай холбоотой баримт бичгүүдийг хэвлэн гаргадаг байгууллагуудын хувьд технологийн дэвшлийг ашиглан илүү аюулгүй, илүү үр ашигтай, эрсдэлгүй боломжуудыг эрэлхийлж байна.

“Traveller Identification Programme” 15 дахь удаагийн энэхүү симпозиум нь “Цаасан баримт бичгээс Цахим баримт бичиг рүү шилжих нь” гэсэн уриатай бөгөөд газар зүйн байрлал болон технологийн ялгаатай улс орнуудыг нэгтгэн холбох зорилготой.

Олон улсын иргэний нисэхийн аюулгүй байдалд заналхийлэх, терроризмтай тэмцэхэд хилийн хяналтын байгууллагуудын хувьд хамгийн гол анхаарах зүйл нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2014 оны 2178, 2016 оны 2309, 2017 оны 2396 тогтоолуудад тус тус заасны дагуу олон улсын хамтын ажиллагаа маш чухал болохыг энэхүү симпозиум дахин нотолж байна. Энэхүү үйл ажиллагааг Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын Хялбаршуулалт буюу 9-р хавсралтаар зохицуулдаг.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ нь агаарын тээврээр аялагчдыг таних хөтөлбөр нь нисэхийн аюулгүй байдал болон аялал жуулчлалд чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч гишүүн бүх орнуудыг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахыг уриалсан.

Тус симпозиумд зориулан гаргасан үзэсгэлэн дээр нисэхийн аюулгүй байдал, хилийн хяналтын үйл ажиллагаанд зориулагдсан автоматжуулсан хилийн хяналтын систем, үнэмлэхний програм хангамж зэрэг дэвшилтэт шинэ технологийг өргөнөөр танилцуулсан.