НБУГ-ЫН ДАРГА Д.ЭРДЭНЭБААТАР “ EMBRAER” КОМПАНИЙ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

525

Дэлхийн Иргэний нисэхийн дөрөвдөгч том компани болох Бразилийн “EMBRAER” компанийн төлөөлөгчидтэй НБУГ-ын дарга Д. Эрдэнэбаатар 2019 оны 5-р сарын 24-ний өдөр албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтад Монголын талаас НБУГ-ын дарга Д. Эрдэнэбаатар, НБУГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтэс, ХАЭЗЗТ-ын  холбогдох мэргэжилтнүүд, “EMBRAER” компанийн талаас  Ази номхон далайн бүсийн салбарын Хятад-Монголыг хариуцсан Дэд ерөнхийлөгч ноён GUO Ching /ГҮО Чинг/, “EMBRAER” компаний Хятад-Монголын харилцааны асуудлыг хариуцсан дарга MIKE XU /Майк Хү/, “EMBRAER” компанийн худалдаа санхүү хариуцсан захирал ZHAO Kai / Жао Кай/ нар оролцлоо.

НБУГ-ын дарга Д. Эрдэнэбаатар “EMBRAER” компаний агаарын хөлгүүдийг Монгол улсад ашиглах эхлэл тавигдаж буйтай холбогдон цаашид Монгол улсын  нисэх буудлуудад тухайн төрлийн хөлгүүдэд үйлчилгээ үзүүлэх үндэсний мэргэжилтнүүдийг сургах, засвар үйлчилгээг хийх, олон улсын зах зээлд хамтран ажиллах өргөн боломжийг судалсан талаар мэдээлэл хийлээ.

Ноён GUO Ching /ГҮО Чинг/ “EMBRAER” компаний ерөнийлөгч ноён Paulo Cesar de Souza e Silva / Пауло Цезар де Суиз е Силва/-д хандан хамтран ажиллах талаар НБУГ-аас гаргасан саналыг газар дээр нь судлахаар өгсөн үүрэг даалгаврын дагуу  ирснээ илэрхийлэн “Буянт-Ухаа бүсэд сургалт, засвар үйлчилгээ, үйлдвэрлэл, худалдааны олон улсын кластер байгуулах төсөл”-ийн талаарх мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцлаа.

Бразилийн “EMBRAER” компаний агаарын хөлгүүд Монголын иргэний нисэхийн салбарт үйлчилгээ үзүүлэх болсонтой холбогдуулан хамтран ажиллах өргөн боломжийг НБУГ судалж төсөл боловсруулсныг өндрөөр үнэлэн өмнөх ойлголт, мэдээллээ нэмж, илүү өргөн боломж байгааг газар дээр нь мэдэрснээ илэрхийлэн дээд удирдлагууддаа мэдээлэх, Монгол-“EMBRAER” компани хамтран ажиллахад бүхий л талын дэмжлэг үзүүлэх, түүний дотор судалгааны багийг тусгайлан Монголд ирүүлэх, Монголын зах зээлд тохирсон шинэ агаарын хөлгүүдийг нэвтрүүлэх тэдгээрт зориулсан засвар үйлчилгээ, сургалт зэрэг олон үйлчилгээг нэвтрүүлэх талаар судлах, ажиллахаа албан ёсоор  илэрхийллээ.