Н.Баярмаа: “Үнэнч шударга, нягт нямбай байх нь миний мэргэжлийн онцлог”

873

“Би мэргэжилдээ хайртай” булангийн энэ удаагийн дугаарт Нисэх буудлуудын удирдах газрын ерөнхий нягтлан бодогч Н.Баярмааг урьж оролцууллаа.

Урилгыг маань хүлээн авсан танд баярлалаа. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Намжилдоржийн Баярмаа гэдэг. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Одоо Нисэх буудлуудын удирдах газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна.

Яагаад нягтлан бодох бүртгэл, эдийн засагч мэргэжлийг сонгох болов?

Энэ мэргэжлийг сонгоход аав минь хамгийн их нөлөө үзүүлсэн. Манай аав МУИС-д насаараа математикийн багш хийсэн хүн. Нягтлангүй байгууллага гэж байдаггүй, ямар ч нийгэмд нягтлан хэрэгтэй гэдэг үүднээс надад зөвлөдөг байсан.

Иргэний нисэхийн салбартай анх холбогдсон түүхээсээ хуваалцаач?

1997 оны зургадугаар сарын 20-нд Багабанди гуай ерөнхийлөгчийн тангарагаа өргөдөг өдөр би дипломоо гардан авч байлаа. Сургуулиа төгсөөд хорин таван настайдаа  анх орж ажилласан байгаа. Тэрнээс хойш 15 жил ИНЕГ-т тооцооны нягтлан хийсэн. Мөн ГТҮА-нд ахлах нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, санхүү хэлтсийн дарга гэсэн албыг хашиж ирсэн байна.

Таны ажлын бахархалтай тал юу вэ?

Миний хувьд би энэ мэргэжилдээ их дуртай. Тухайн үед зах зээлийн тогтолцоонд шилжин орж, айлын хажуу өрөөнд амьдарч байлаа. Хүүхэд ч нялх байсан санхүүгийн хувьд амаргүй байлаа. Тэр үед би өөрийн ажлынхаа хажуугаар хувийн компанийн баланс хүртэл гаргаж байлаа. Энэ бол миний ажил мэргэжлийн том бахархал бас давуу тал юм. Иргэний нисэхдээ би маш их хайртай. Энэ Буянт-Ухаа гэдэг газар бол миний амьдралыг төдийгөөс өдий хүртэл ийм сайхан авч явж байгаад би Иргэний нисэхдээ мөргөж амьдардаг.

Ажил дээрээ баримталдаг гол зарчим?

Үнэнч шударга, нягт нямбай байх. Миний мэргэжлийн онцлог ч энэ юм болов уу гэж боддог. Дадлагын оюутан ирээд баримт үдэх тохиолдол байдаг шүү дээ. Би бол тийм зүйлд дургүй.  Өөрөө бүгдийг нь үзэж харсны дараа өөрөө үддэг. Тэгж байж ямар ч хүн ирээд надаас юм асуухад нүүр бардам байж чаддаг. Өөрийн хариуцаж байгаа юмаа би өөрөө л хийнэ. Тийм учраас би залуу насандаа ёстой цаг наргүй суудаг байлаа. Одоо бол бас яах вэ харьцангуй программ хөгжөөд, цаг үе арай өөр болж байна.

Сар шинийн босгон дээр Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан гэж сонссон? Хүндэтгэлтэй сайхан шагналыг гардсан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

Би 2015 онд хөдөлмөрийн хүндэт медаль авсан.  ИНЕГ маань намайг шагналд тодорхойлсон. Сая 2019 оны хоёр сард битүүний өдөр уг шагналыг авсан. Би ажиллах хугацаандаа мэргэжлээрээ санхүү банкны тэргүүний ажилтан, нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан мөн иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан гээд гурван тэргүүний ажилтан авсан байна. Шагналын хувьд байгууллага маань үнэлсэн үнэлэмж үлэмж их. Энэ их үнэлэмжийг би бас хариуцлага алдахгүй, нэр хүндтэй авч явах юмсан гэж боддог.

Залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?

Юманд чин сэтгэлээсээ хандаасай, юмыг битгий хөнгөн хялбар талаас нь хараасай. Өнгөрсөндөө дүгнэлт хийж, ирээдүйгээ төлөвлөж явдаг байгаасай гэж хүсдэг. Ажлын стресс гэж юм хаана ч байдаг. Түүнийг зовлон ч гэдэг юм уу тэр утгаар нь битгий хүлээж аваасай. Тэр ачаалал бол ажилгүй байх, өвчин, үхэл зовлонгийн хажууд бол юу ч биш шүү гэж хэлдэг дээ.

Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Чамд бас амжилт хүсье.