Т.Оюунчимэг: “Нисэх гэдэг их айлыг мэдээлэл холбоогүйгээр төсөөлшгүй”

760

“Би мэргэжилдээ хайртай” булангийн энэ удаагийн дугаарт “Чингис Хаан” ОУНБ-ын Теле мэдээллийн холбооны албаны ээлжийн инженер Т.Оюунчимэгийг урьж оролцууллаа.

-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн, сайн байна уу. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Тогтохсүрэнгийн Оюунчимэг гэдэг. Би төмөр замын техникумийн холбооны анги, ШУТИС-ийн мэдээлэл технологийн их сургуулийг холбооны инженер мэргэжлээр төгссөн. “Чингис Хаан” ОУНБ-ын Теле мэдээллийн холбооны албанд ээлжийн инженерээр ажилладаг.

-Нисэхтэй холбогдсон түүхээсээ хуваалцвал?

1989 онд анх нисэхэд операторчин гэдэг мэргэжлээр ажилд орж байсан. Түүнээс хойш АТС-ийн техникч, аюулгүй байдлын тоног төхөөрөмжийн техникч, ээлжийн инженер зэрэг ажлуудыг доороос нь эхлээд хийсэн. Нисэхэд 31 дэх жилдээ ажиллаж байна.

-Таны ажил мэргэжлийн бахархал юунд оршдог вэ?

Би багаасаа л холбоочин больё гэж мөрөөддөг байсан. Тэр мэргэжлээ эзэмшээд ингээд мэдээллийн эрин зуунд энэ олон хүмүүсийг интернет сүлжээ, мэдээллээр хангаж, хүнд тустай ажил хийдгээрээ бахархдаг. Энэ бол ганц миний ч биш, манай албаны бас бахархал байгаа юм. 20 наснаас эхлээд миний амьдрал Нисэхтэй холбогдсон. Нисэхдээ өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаадаа маш их бахархдаг.

-Албаныхаа талаар танилцуулахгүй юу?

Манай алба нь МИАТ нэгтгэл гэж байхад Холбоо нагивацийн албанд АТС-ийн хэсэг гэж байсан. Тэгж байгаад 1994 онд төв буудалд хэсгээрээ ирж байсан. 1999 онд анх удаа Теле мэдээлэл холбооны алба гэж байгуулагдаж байсан. Энэ жил манай албаны 20 жилийн ой тохиож байгаа.

Одоо 19 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Манай ТМХА нисэх онгоцны төв буудлын болон харьяа алба нэгжүүдийн интернет сүлжээ, дотоод сүлжээ, камерын хяналтын систем, галын дохиоллын систем, радио холбоо, кабел шугам, мэдээллийн дэлгэцийн систем, олон төрлийн тоног төхөөрөмжийг хариуцаж 24 цагийн турш ажилладаг.

-Теле, мэдээлэл холбооны албаны ач холбогдлыг нэг үгээр ?

Ж.Пүрэв гуай “Дэлхийд данстай дэвжээ” номдоо манай албыг Их айлын судас хэмээн зүйрлэн бичсэн байдаг. Үнэхээр ч мэдээлэл холбоогүйгээр орчин цагийн ажил, амьдралыг төсөөлөхийн аргагүй шүү дээ. Нисэх буудлын мэдээлэл холбоо, шугам сүлжээ нь судсаар гүйх цус мэт ач холбогдолтой гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх гэж бодож байна. Өнөөдөр Нисэхийн бүх албадууд холбоо, интернет сүлжээний ачаар богино хугацаанд, сааталгүй ажиллаж байна.

-Ажлын ачаалал их байдаг уу? Ямар төрлийн дуудлага зонхилдог вэ?

Ер нь манай алба их хэрэгтэй алба шүү дээ. Дуудлага тасардаггүй. Өдөрт тогтмол 15-аас 20 дуудлага ирдэг. Манайх 24 цагийн турш дуудлага авч ажилладаг байгаа.

Ихэвчлэн компьютер, принтерийн дуудлага зонхилдог. Ялангуяа ээлжийн инженер нь бүх тоног төхөөрөмжүүдийн арчилгаа, засвар үйлчилгээний дуудлагыг бүгдийг нь хариуцаж ажилладаг.

-Хүмүүст хандаж энгийн, бяцхан зөвлөгөө өгөөч гэвэл?

Компьютерт гаднаас флаш хийж ашиглахдаа хулганын баруун товчийг дараад вирусны программаа заавал уншуулж байгаарай. Тэгвэл гаднын вирус халдахгүй. Иймэрхүү жижиг дадал ч гэсэн бидний ажлыг хөнгөвчилнө шүү дээ. (инээв)

-Тэгэхээр танай албаны 20 жилийн ой болж байгаа юм байна. Түүхт ойгоо хэрхэн угтаж байна вэ?

Бид 20 жилийн ойгоо угтаад бүтээлч ажил хийж байна. Транзит танхим, 2 давхрын зорчигчдын танхимд wifi zone үүсгэхээр ажиллаж байна. Манайх 20 жилийн ойгоороо өндөр настнууд, үе үеийн дарга нар хүмүүсээ урьж баярын цэнгүүнээ сайхан хийхээр төлөвлөж байна даа.

-Ярилцлагын сүүлчийн асуултыг танд үлдээе?

Хамт олондоо Теле мэдээллийн холбооны алба байгуулагдсаны 20 жилийн ойн халуун мэнд хүргэе. Мөн албаныхаа хамт олны нэрийн өмнөөс Иргэний нисэхийн нийт ажилтнууд, үе үеийн ахмад буурлууд, нисэхээр үйлчлүүлдэг бүх хүмүүст Нисэх хүчин үүсэж хөгжсөний 94 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.