Х.Гэндэнгэв: “Нисэхийнхээ буянд сайхан л амьдарч байна.”

927

“Би мэргэжилдээ хайртай” цуврал ярилцлагын булангийн энэ удаагийнхаа дугаарын зочин хойморт “Чингис Хаан” ОУНБ-ын дулаан, сантехникийн албаны сантехникийн слесарь Х.Гэндэнгэв гуайг урьж оролцууллаа.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулаач?

Сайн. Сайн уу хүү минь. Намайг Хасбазарын Гэндэнгэв гэдэг.  Би 1992 оны 10 сарын нэгнээс  хойш нисэх буудалд  ажиллаж байна. Сантехникийн слесарь мэргэжилтэй хүн. Тэр үедээ хамгийн залуу нь байсан. Одоо ч хамгийн настай нь болсон байх шиг байна даа. (инээв)  Нисэхдээ ажиллаад, хамт олныхоо дотор  амьдрал ахуйгаа сайжруулаад Нисэхийнхээ буянд сайхан л амьдарч байна.

-Нисэхтэй хэрхэн холбогдов? Тэр түүхээсээ бидэнтэй хуваалцаач?

Би өөрөө Өвөрхангай аймгийн хүн. Баянхонгор аймгийн техник мэргэжлийн сургуулийг төгссөн. Түүний дараа 3 жил цэрэгт яваад халагдаж ирээд сумын сургуульд сантехникийн ажил хийж, ажлын гараагаа эхэлж байлаа.Тэгж байгаад хотод нүүж ирсэн. Намайг анх орсон үетэй харьцуулахад нисэх маш их өргөжиж байна. Хөшигийн хөндийн нисэх буудал гээд том сайхан нисэх буудал баригдаж байна. 35 жил улсад ажил хийлээ. Түүний 27 жил нь ИНЕГ, Буян-Ухаагийн дэнжтэй холбогдоно доо.

-Таны ажлын онцлог юу байдаг вэ?

Олон улсынх гэдгээр нь улс орны үүд хаалга болсон  нисэх буудлын орчныг  ая тухтай байлгахыг л эн тэргүүнд тавьдаг даа. Дулаан хангамж, сантехникийн систем, шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж ажиллах  нь миний үүрэг гэх үү дээ.

-Та албаныхаа талаар танилцуулахгүй юу?

Манай алба 1993 онд үүсгэн байгуулагдсан. Орон сууц нийтийн аж ахуй гэдэг нэртэйгээр анх байгуулагдаж байсан.  Түүнээс хойш бүтцийн өөрчлөлтөд хэд хэд орсон. Одоо 43 хүнтэй. Манайх чинь найм, арван зургаа гээд  дөрвөн ээлжтэй. Ээлжлээд ажлаа хийдэг. ИНЕГ-ын  харьяа барилга байгууламж мөн “Чингис Хаан” ОУНБ-ын харьяа барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээ, дулаан сантехникийн систем түүний тоноглол ашиглалтыг хариуцаж ажилладаг байгаа. Манай албанд чадварлаг, гарын дүйтэй  залуус их бий. Түүний нэг жишээ нь манай албаныхан “Чингис Хаан” ОУНБ дотор гол үзвэрийн танхимд байдаг  сувинер онгоцыг хийж байсан. Харахад бол МИАТ-ын онгоцыг жижгэрүүлээд яг мэргэжлийн улс хийсэн юм шиг харагддаг.  Бойнг 767 онгоцын масштабыг 25 дахин жижгэрүүлж хаягдмал ган хоолойгоор  хийсэн.

-Таныг удахгүй хоёр сарын дараа гавьяаныхаа амралтад гарах гэж байгаа гэж дуулсан?

Өдий зэрэгтэй яваа минь миний хамт олон, хань  ижлийн гавьяа юм уу гэж боддог. Тэдэндээ л их баярлаж байна даа.

Яах вэ сайхан хамт олон дотор явсных сайхан л байдаг. Үеийн зарим улс чи бол шүд ам сайтай сайхан байна. Ангийн хүүхдүүд, цэргийн улс хоорондоо уулздаг л юм. Тэд нараасаа яах аргагүй хөгшрөөгүй л юм шиг байгаа юм.

За тэгээд түүний дараа миний хань гэж нэг сайхан уул шиг хүн байна. Өлсчих вий, даарчих вий гээд л үргэлж араас зовно. Хувцас хунарыг маань угааж бэлдээд тавьчихсан байдаг.  Хань үр хүүхдэдээ бас баярлалаа.

-Амьдралд шантрах үе тохиолддог шүү дээ. Тэр үеийг хэрхэн даван туулж байв ?

Надад нас залуу байхад тийм сэтгэгдэл төрдөг л байсан. Тэгэхэд би яахав энэ хүүхдүүд, хань ижлийнхээ  төлөө  гээд зүтгэдэг байсан. Мөн аав ээжийнхээ нэр төрийг боддог байсан даа.

Сайхан амьдрах, сайхан явах ахиад нэг сайхан амьдарсан юм шиг санагддаг гэдэг үнэн шиг байна шүү. Хүн ямар явах вэ гэдэг хүний дотоод сэтгэл байдаг юм байна. Сэтгэл сайхантай явах чухал. Аав ээж хоёр маань хүүхэд байхад их зааж сургадаг байсан.

-Одоо ажиллаж хөдөлмөрлөж байгаа залууст хандаж үг хэлээч?

Ажилдаа үнэнч, сэтгэлээсээ юмаа хийх нь чухал. Хүн мэдэхгүй чадахгүй байж болно ш дээ. Надад ч мөн адил сайн мэдэхгүй зүйл анх байсаан байсан. Хамгийн гол нь сэтгэлээсээ юмаа хийвэл хүн чинь аяндаа тэрийг мэдээд сураад явна.

Монголдоо бас хангамж сайтай, цалин гайгүй гэгддэг ийм сайхан алба шүү дээ.  Хүн хөдөлмөрлөж байгаад эргээд харахад бас гоё байдаг шүү. Өмнө нь хашаанд 5 ханатай гэртэй хүүхдүүдтэйгээ бас  олны дайтай л амьдарч байсан.  Тэгж байгаад Нисэхийнхээ буянд байрны хөнгөлөлтөд орсон хүн л дээ. Хэрвээ би амархан шантарч няцдаг байсан бол бас тийм юманд хүрэхгүй шүү. Тийм болохоор тууштай бас сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөөрэй л гэж хэлье дээ.

-Ярилцлагын төгсгөлд танд үг хэлэх боломж олгоё?

Одоо удахгүй нисэхийн баяр болно. Манай байгууллагад ажиллаж байсан, ажиллаж байгаа бүх улсууд маань элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байх болтугай гэсэн өлзийтэй сайхан ерөөлийг өөд өөд нь өргөн баръя.

-Ярилцсанд баярлалаа.

Баярлалаа.