ИНЕГ-ын харьяа байгууллагууд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвтэй хамтран “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдэж байна

538

Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан “АМЬДРАЛ   БЭЛЭГЛЭЕ” уриан дор, Цусаа бэлэглэх сайн үйлсийн аяныг Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулахаар болоод байна.

Уг аян нь Иргэний нисэхийн харьяа байгууллагуудын хэмжээнд зохион байгуулагдах бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 29,30-ны өдрүүдэд “Чингис  хаан”  Олон  улсын  нисэх буудлын эмнэлгийн хэсэгт болно.

Иймд нийт ажилтан албан хаагчдыг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Та эрүүл, бас цусаа бэлэглэж хүний амийг аврахаар шийдсэн бол эдгээр зөвлөмжийг уншаарай. Үүнд:

Цусаа өгөхөөс өмнө анхаарах зүйлс:

  • 6 цагаас дээш  унтаж амарсан байх
  • Шингэн зүйл / ус, баахуу цай/ ердийнхөөс илүү  уух
  • Иргэний үнэмлэхтэй ирэх
  • Согтууруулах ундаа 3 хоног хэрэглээгүй байх
  •  Өөх, тос ихтэй хоол хэрэглээгүй байх
  • Сүүтэй цай, сүүн бүтээгдэхүүн
  • Эм, тариа 10-14 хоног хэрэглээгүй байх
  • Өнгөтэй  ундаа, жүүс уугаагүй

Цусаа бэлэглэх үе шатууд, цаг хугацаа:

Зөвхөн цусаа бэлэглэхэд 5 минут орчим л хугацаа шаарддаг. Гэхдээ цусны донор хүн бүртгүүлэхээс эхлэн цусаа бэлэглэсний дараа түр амрах хугацааг оруулан нийтдээ   30-40 орчим хором зарцуулдаг. Таны цусаа бэлэглэхэд зарцуулсан хугацаа бол таны амьдралын хамгийн үр ашигтай өнгөрөөсөн мөчүүдийн нэг байх болно.

  1. Бүртгэл  – Цусны алба нь донорууд болон тэдний цусыг сэлбүүлэх өвчтөнүүдийн аль алиных нь амь нас, аюулгүй байдлыг нь хамгаалахаас гадна цуглуулсан цус ямар донорынх болохыг мөшгөн тогтоох мэргэжлийн үүрэгтэй байдаг. Мөн доноруудтайгаа эргэх холбоо тогтоох, талархал илэрхийлэх, тэднийг урамшуулж алдаршуулахад үнэн зөв, нямбай хөтөлсөн донорын мэдээллийн сантай байх нь чухал юм.
  2. Асуумж бөглөх – Таны эрүүл мэндийн байдал болон бусад зүйлсийн талаар тодруулсан асуумжыг цусаа бэлэглэх бүрийн өмнө сайтар уншиж бөглөн цусаа бэлэглэх зөвшөөрлөө бичгээр өгч гарын үсгээ зурна.
  3. Цус багадалт, цусны бүлэг тодорхойлох шинжилгээ – Цусаа бэлэглэхийн өмнө эдгээр шинжилгээг заавал хийдэг. Донор болох нь цусны бүлгээс хамаардаггүй аль ч бүлгийн цустай эрүүл хүн донор байж болно. Гемоглобин бол цусны улаан эсэнд агуулагдаж эд эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж тэнд ялгарсан нүүрсхүчлийн хийг уушгинд тээвэрлэн аваачдаг маш чухал уураг юм. Цус өгөхөөс өмнө цусан дахь улаан эсийн  хэмжээг өндөгний цусанд тодорхойлдог.
  4. Эмчийн үзлэг – Эмч тантай ганцаарчилсан үзлэг, ярилцлага хийдэг. Таны эрүүл мэндийн байдал болон бусад зүйлс цусаа бэлэглэхэд тохирох эсэхийг эмч үнэлэн шийдвэрлэнэ. Энд танд цусаа бэлэглэхэд татгалзах шалтгаан байгаа бол эмчтэй илэн далангүй ярилцаарай. Бид таны нууцыг чанд хадгалах үүрэгтэй
  5. Цус өгөх үйл явц – Танаас их эмчийн хяналтан дор мэргэшсэн сувилагч цус авдаг. Танд хэрэглэж байгаа бүх зүйлс ариутгагдсан бөгөөд нэг удаагийн зориулалтай байдаг. Танд хэрэглэсний дараа устгадаг. Энэ нь таныг цус өгөх явцдаа халдвар авах эрсдэлээс 100% хамгаална гэсэн үг.
  6. Амралт ба цай – Цусаа бэлэглэсний дараа цай, кофе уун 10 минут сувилагчийн хяналтанд байж амрах хэрэгтэй.

ЦУС ӨГӨХИЙГ ХОРИГЛОХ ЗААЛТ:

Түр хориглох заалт:

Тухайн цаг хугацаанд донор цус өгч болохгүй шалтгаантай учир эмчийн дүгнэлтээр цус өгөхгүй хойшлогдож байгааг хэлнэ.

Дор дурдсан шалтгаантай бол түр хугацаагаар  цусаа бэлэглэхээс татгалзаарай. Үүнд:

  • Таны бие ямар нэгэн зовиур байгаа бол
  •  Эм, тариа хэрэглэж байгаа бол
  • Шивээс,болон гоо сайхны мэс ажилбар хийлгээд 6 сар болоогүй бол
  • Архи согтууруулах ундаа хэрэглээд 3 хоноогүй
  • Сарын тэмдэг ирсэн болон ирж дуусаад 3 хоноогүй
  • Жирэмсэн, 1 хүртлэх насны хүүхэдтэй,   мөн хөхүүл үед
  • Шүд авахуулснаас хойш 10 хоноогүй
  • Харшил сэдэрсэн үед
  • Таны гэр бүл, хамт ажиллагч хэн нэгэн чинь халдварт өвчнөөр өвдсөн бол

Бүр мөсөн хориглох заалт:

Цус өгөх нь донорт болон түүний цусыг эмчилгээнд хэрэглэх өвчтөнд тохирохгүй шалтгаан байгаагийн улмаас  эмчийн дүгнэлтээр цус өгөхийг бүр мөсөн хориглох заалтыг хэлнэ.

Харин та:

  • Элэгний В,С вирусээр оношлогдсон бол
  • Сүрьеэ өвчнөөр өвдөж байсан
  • Ижил хүйстэн, биеэ үнэлэгч
  • Хар тамхи, мансуурах бодис хэрэглэдэг
  • Ямар нэгэн өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг
  • Эрсдэл бүхий  зан үйлтэй
  • Шинжилгээ хийлгэн эрүүл мэндээ хянах зорилгоор манайд хандаж байгаа бол

Цусаа бэлэглэснээр бусдад амьдрал бэлэглээд зогсохгүй та өөртөө амьдрал бэлэглэж байгаа хэрэг юм.  Цус бэлэглэсний дараа шингэн зүйл ахиу ууснаар 48  цагийн дараа таны цусны эзэлхүүн хэвийн байдалдаа орж та өдөр тутмын хийдэг ажлаа хийхэд ямар нэгэн сөрөг нөлөө байдаггүй. Эрэгтэй хүн хоёр сард нэг удаа эмэгтэй хүн гурван сард нэг удаа цусаа  өгөхөд тухайн хүнд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд энэ хугацаанд хүний цус хангалттай төлждөг. Байнга цусаа өгдөг доноруудын эрүүл мэндийн боловсрол бусдаас илүү байдаг бөгөөд эрүүл аж төрөх ёсны талаар болон өөрийгөө өвчин эрсдэлээс сэргийлэх талаар байнга мэдээлэл авч байдаг.

2013 онд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар цусаа тогтмол өгдөг доноруудыг өгдөггүй хүмүүстэй харьцуулан авч үзэхэд  зүрх судасны өвчлөл болон хавдрын өвчлөл маш бага гэсэн дүгнэлт  гарсан байдаг.

БУСДЫН ТӨЛӨӨ ЦУСАА ӨГЧ,АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ.