Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт эхэллээ.

449

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран нийслэлд анх зохион байгуулж буй нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтын нээлт өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БХБ-ын сайд Х.Баделхан, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болоод төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов.

Энэхүү сургууль нь 29 жилийн дараа анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн сургуулилалтын зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа.

Монгол улсын хэмжээнд өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа их, бага хэмжээгээр газар хөдөлсөн байна. 2005 оноос өмнө Улаанбаатар хотын орчимд жилдээ 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос 10 дахин нэмэгджээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар нийслэлд нийт 261 удаа газар хөдлөлт болсон байна. Энэ нь 2018 оны мөн үеийнхээс 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн гэсэн үг юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.