Х.Нарантуяа:”Эмчийн тангарагтай хүн Нисэхийн тангарагтай ажилладагтаа баярладаг.”

1562

-Сайн байна уу. Монгол улсад нисэх хүчин үүсч  хөгжсөний 94 жилийн ойг угтан хийж буй “Би мэргэжилдээ хайртай” буланд таныг оролцуулахаар зорьж ирлээ.  Та бидэнд өөрийгөө танилцуулаач?

Намайг Хаянхярваагийн Нарантуяа гэдэг. “Чингис Хаан” ОУНБын эмнэлгийн хэсэгт ажилладаг. АУДС-ыг 1989 онд хүний эмчээр төгссөн. Сургуулиа төгсөөд Сүхбаатар дүүргийн эмнэлэгт ажиллаж байсан. Бүгд найрамдах Польш улсад ажиллаж амьдарч байгаад  “Чингис Хаан” ОУНБ дээр эмнэлгийн хэсэг  байгуулагдахад нь орж одоо 23 дахь жилдээ ажиллаж байна.

-Нисэх буудлын эмнэлгийн талаар ярихгүй юу ?

Манай Чингис Хаан ОУНБын  эмнэлгийн хэсэг нь 3 эмч, 3 сувилагчтай.

Чингис Хаан ОУНБын  ажилтан албан хаагчид, нисэх буудлаар үйлчлүүлж байгаа зорчигчид, угтан авагч, үдэн гаргагч, нисэх буудал дээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын ажилтанд яаралтай эмнэлгийн тусламжийг үзүүлж  ажилладаг байгаа.

-Эмнэлгийн хэсэг дээр нисэхэд ойрхон амьдардаг хүмүүс бас их ирж үйлчлүүлдэг гэж сонссон?

Түргэн ирээгүй, эмнэлэг ойрхон байхгүй гээд хагас бүтэн сайнд зориод ирдэг зөндөө хүмүүс байдаг. Нисэх буудлын  яг үүдэнд хүртэл хүн төрж л байсан.

-Үйлчлүүлэгчээс хамгийн их сонсдог  урмын үг юу вэ?

Бидэнд хамгийн гоё илэрхийлж хэлж буй үг “баярлалаа” байдаг. Хүмүүс дандаа баярлалаа л гэнэ. Эмчийн мэргэжил гэдэг хүнийг өвчин зовиураас салгаж, хүнд туслаад түүндээ урамшиж явдаг юм болов уу гэж боддог. 

-Нисэхийн эмнэлгийн эмч гэхээр ямар онцлогтой байдаг юм бол?

Нисэхийн эмч бүх талын мэдлэгтэй байх ёстой.  Манайх хилийн боомт гэдэг утгаараа ОУын ЭМ-ийн дүрмээр зохицуулагддаг хөл хориот өвчнүүд тэр улсад гарлаа гэхэд бид нар мэдээлэлтэй байж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг. Өвчний сэжиг бүхий хүн орж ирлээ гэхэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Мөн түргэн шуурхай, аюулгүй нислэг үйлдэхэд бидний үйл ажиллагаа нөлөөлж байдаг. Зорчигчийн биеийн байдал муу байлаа гэж бодоход энэ хүнийг тээвэрлэх үү үгүй юу, ямар байдлаар тээвэрлэх вэ гэдэгт авиа компаниудад зөвлөгөө өгч ажилладаг.  Бас нэг онцлог гэвэл бидний тусламж үйлчилгээ яг зорчигчдын нүдэн дээр ил явагддаг. Мөн онцгой байдлын төлөвлөгөө, кодын дагуу бид бэлэн байдалд ажилладаг.

-Нисэх буудлаар үйлчлүүлж буй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн ямар асуудал элбэг тохиолддог вэ?

Олон жил уулзаагүй хүмүүс гэнэтийн уулзалтад цочролд орох мөн нислэгийн өмнөх бэлтгэлийг тулгаж хийснээр хий бухимдах, цусны даралт ихсэх байдал түгээмэл ажиглагддаг. Мөн өндрөөс айдаг хүмүүс их байдаг.

-Нисэх буудлаар үйлчлүүлж буй хүмүүст хандаж юу хэлэх вэ?

Өөрийнхөө зорьсон газарт хүрэх гэж байгаа юм чинь сэтгэл санаагаа тайван байлгаж, бэлтгэлээ урьдчилан базаагаад, нойр хоолоо зохицуулаад сайхан алсын замдаа гарч байгаарай гэж хэлмээр байна.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

Нисэхийн салбарын эмнэлгийн хэсэгт олон жил ажиллаад ирэхэд сэтгэл зүй гэдэг зүйл хамгийн гол нь байдаг юм байна гэж боддог болсон. Өөрөө дуртай зүйлээ хийж байгаа үед хүн тэр бүр өвдөөд байдаггүй. Ажилтнууд маань янз бүрийн цагийн хуваариар ажиллаж байна. Амрах үедээ энэ амралтаа өөртөө зориулж, өөрийгөө сайн амрааж, хоол унд амралтын дэглэмийг сайн барьж ажиллаарай  гэж хэлье.

Ингээд Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг тохиолдуулан Чингис хаан” ОУНБ-ын Аюулгүй байдал хамгаалалтын албаны ээлжийн ахлагчаар ажиллаж байсан Я.Бямбадоржийн бичсэн “Эзэн Чингисийн буудал” шүлгийг нисэхийн салбарт ажиллаж буй нийт хамт олондоо хүргэж буйг хүлээн авна уу.

“Эзэн Чингисийн буудал”

Буянт-Ухаагийн дэнжид

Төмөр хүлгүүд чуулж байна

Буман оддыг чимж

Тэр хүлгүүд дүүлж байна.

Аясын салхинаас түрүүлж

Таван тивд хүрч байна

Аз жаргалыг тээсээр

Талын Монголд бууж байна.

Ирсэн явсан бүхний

Сүүн замыг мялааж

Эзэн Чингисийн буудал

Инээд хөөрөөр халгиж байна.

Мөнгөн аягатай сүү

Хадган дээр цалгиулж

Монголын сайхан ээжүүд

Буян хурайлж байна.

-Ярилцсанд  баярлалаа.

-Баярлалаа.