Ж.Ганболд: “Хамт олондоо зөвлөгч, зааварлагч, гол туслагч нь байхыг хичээдэг.”

267

Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг угтан гаргаж буй “Бид Нисэхийнхэн” ярилцлагын ээлжит дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн эзэн хоймортоо эх орны зүүн хязгаар Сүхбаатар аймгаас нэгэн эрхэм зочныг урин оролцуулж байна. Зүүн бүсийн нисэх буудлуудын чуулган болсонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт нисэх буудлын дарга Ж.Ганболдтой хийсэн ярилцлагаа та бүхэндээ толилуулъя. Хүлээн авна уу.

-Та сайхан хаваржиж байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайхаан. Сайхан  хаваржиж байна уу. Намайг Жигжидийн Ганболд гэдэг. Одоо бол Нисэхийн Ганболд  гэдэг нэртэй болчихсон (инээв). Би Сүхбаатар аймгийнхаа  Асгат  суманд төрж өссөн.  Цэргийн холбоо ашиглалтын  инженер мэргэжилтэй хүн.

Одоо Баруун-Урт нисэх буудлын даргаар ажиллаж байна.

-Таныг олон жил Баруун-Урт нисэх буудлын даргаар ажиллаж байгаа гэж сонссон?

Анх 1990 оноос   Баруун-урт Нисэх буудалд ажилд орж байлаа.Тэгээд 1993 оноос одоог хүртэл тасралтгүй 26 жил Нисэх буудлын даргаар ажиллаж байна. 1990-1993 онд  Надмид дарга  байсан. Дараа нь Доржпалам, Адъяа гэж дарга нар байлаа.   Тэдний амралт томилолт өвчтэй чөлөөтэй байх үед орлон  ажилладаг байлаа. Өмөг  түшиг болсон олон сайхан дарга нараас суралцаж, мөр зэрэгцэн ажиллах хувь тохиосон .

-Холбооны инженер мэргэжилтэй хүн юм байна. Анх ажилтан болж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу?

Би Цэргийн радио холбооны инженер хүн. Нисэхийн холбоо гэж тэр үеийн оросын  радио холбоо байлаа. Баруун- Урт нисэх буудал нь шөнийн гэрэл суултын системтэй өдөр шөнөгүй  онгоц  авдаг байсан.  Надтай хамт  ажиллаж байсан сумлагчийн жолооч  Очиржав ,  нислэгийн удирдагч Эрдэнэбат , Майбаяр , Батдэлгэр, касс  Туяа,  эмч   Буд,  одоо хүртэл нягтлан бодогчоор ажиллаж байгаа  Эрдэнэбаяр зэрэг нөхдийнхөө талаар дурсан  ярихгүй байхын аргагүй

-Нийгмийн өөрчлөлт шинэчлэлийн үед нисэх буудлын даргаар ажиллаж байсан үеийг өнөө үетэй харьцуулбал?

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед иргэний нисэх чиг шугамаа алдалгүй эдийн засгийн хүнд хүчир үеийг давж гарсан нь  Иргэний нисэхийн  зөв бодлогын үр дүн байсан гэж ойлгодог. Тэр үед удирдаж  байсан  хүмүүсийн гавьяа гэж ойлгодог. Зах зээлийн хүнд үед  цахилгаан эрчим хүч , бензин түлш болон бүхий л зүйл  хомс  хүнд үе байсан ч  манай  Иргэний нисэхийнхэн маань огт зүдрэлгүй  давсан даа. Энэ нь хамт олны  эв нэгдэл хариуцлага сахилга  өндөр мэргэжлийн ур чадвар  сайн  байсных гэж үздэг.  Одоо  үеийг бодвол тоног төхөөрөмж боловсронгуй  биш ч хүмүүсийн  хичээл зүтгэл  чин эрмэлзэл  ажлаа  гэх сэтгэл агуу байсан шүү.

-Таны ажил амьдрал дээрээ баримталдаг зарчим юу вэ?

Үнэнийг шуудхан хэлчихдэг талтай. Аливаа юмыг эхэлсэн бол дуусгана, бас санаандаа нийцтэл хийнэ бас хийлгэнэ гэж үздэг.

Ажилтнууддаа  зөвлөгч,  зааварлагч  гол туслагч нь байхыг  хичээдэг  тул  өөрөө  ажил болгонд оролцдог. Удирдаж манлайлж байгаа хүн,   галчийн , жолоочийн  засварчны гэх мэт ажил ажлын зах зухыг мэддэг чаддаг байх  ёстой гэж  боддог.

-Төрсөн нутагтаа залуу наснаасаа өдийг хүртэл хариуцлагатай албан тушаал хашиж буй сэтгэгдэл?

-Би алдарт Дарьганга  нутаг  Сүхбаатар аймгаараа бахархдаг.  Энэ бол элгэн нутаг  хүн зоны  минь бурханд одсон аав ээжийн минь итгэл байсан.  Би ихийг хийж бүтээх ёстой , одоо ч ирээдүйд ч ихийг бүтээх үүрэгтэй.

-Баруун-Урт нисэх буудлын талаар?

1956  онд БНМАУ-ын  СНЗ-ийн 347 дугаар тогтоолоор   Сүхбаатар Дундговь  Хэнтий  зэрэг 9-н аймагт  АН-2  ЯК-12 онгоцоор   агаарын  байнгын шуудан харилцааг  нээх шийдвэр  гаргаснаар   ардын хувьсгалын 35-н жилийн ойгоор   анхны  нислэгээ эхэлж, Иргэний агаарын  тээврийн  үндсэн суурь тавигдсан.  2000 онд  цагт 60 хүн  хүлээн авах хүчин чадалтай  нисэх буудлын  барилга шинээр  баригдаж  аэродром  хамгаалалтын 2 давхар хашаа, агаарын  хөлгийн зогсоол шатахууны нөөцийн  сав зэрэг  шинээр ашиглалтад орж навигацийн шинэ тоног төхөөрөмж  сансрын  холбоогоор хангагдсан.  Нисэх буудлаас 30км  зайд ОУ-ын өнгөрөлтийн  “ Их –Өлгий  “ станц  байгуулагдсан ба Сансрын холбооны станц   VISAT   олон улсын өнгөрөлтийн хяналтын станц  RCAG  цаг уурын ажиглалтын систем AVOS   шинээр суурилуулан ашиглаж байна..

-Залуу мэргэжилтнүүдэд хандан зөвлөгөө өгөөч гэвэл?

-Хүн эхээс төрөхдөө аливаа юмыг  сурсан  төрдөггүй.  Надад  залуучуудаас залуус ахмад үеэсээ харилцан суралцах юм их байна.  Ахмадуудаас  авах сурах  юмыг санаа зоволтгүй  асууж мэдэх хэрэгтэй.  Хөрөнгө мөнгө үрэгдээд дуусна. Хүний мэдлэг чадвар  хүн чанарыг  хэн ч хэзээ ч авч чадахгүй  тул    хичээж зүтгэж  үнэнч сэтгэлээр  хандаж  орчны зөв хандлагыг  өөртөө  авч сурах хэрэгтэй болов уу.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Би Иргэний нисэхийн салбарт олон жил мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад настан буурлууд  үе үеийн  дарга , инженер  техникч, жолооч ,нярав үйлчлэгч  бүхий ажил мэргэжлийн  зорилго нэгт  нөхдөдөө туйлын  баяртай  байдаг юм.

“Бид  нисэхийн хүмүүс

Буяны  ерөөлтэй  эрдэнэт хүмүүс

Бид  нисэхийн  хүмүүс

Биегүй  огторгуйн эзэд нь  юм” гэж төгсгөе дөө.

-Ярилцсанд баярлалаа. Танд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Баярлалаа.