Ч.Дагвасүрэн: “Сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөөд явахад ямар ч ажил үнэ цэнэтэй байдаг”

744

-Сайн байна уу. Цаг зав гаргасанд баярлалаа. Та өөрийгөө танилцуулаач?

-Намайг Чунагийн Дагвасүрэн гэдэг. Эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Газрын тусгай үйлчилгээний авто баазад автобусны жолооч хийдэг.

-Анх нисэхийн салбартай хэрхэн  холбогдсон бэ?

-Энэ миний аавын амьдралтай холбогдоно. Аав маань доод нисэх гэж байхад анх  ажлын гараагаа эхэлж байсан.  АН2 онгоцны шалгах техникчээр 33 жил ажилласан түүхтэй буурай байсан. Аавыгаа хараад их бахархдаг байлаа. Тэр үеэс л нисэхэд орж аавыгаа залгамжлан ажиллах бодол, хүсэлтэй болсон доо.

-Аавынхаа залгамж халаа юм байна, Нисэх гэдэг их айлд ажиллаж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Аавынхаа ажиллаж хөдөлмөрлөж байсан байгууллагад би 19 жил тасралтгүй ажилтнуудын автобус жолоодож байна. Мөн хүү  Цэнгэл “Чингис Хаан” ОУНБ-ын аврах, гал унтраах ангид ажилладаг. Охин Дөлгөөн маань “Изинис Эйрвэйз ” ХХК-д Зорчигч бүртгэлийн ажил хийдэг. Ингээд гурван үеэрээ нисэхийн салбартай холбогдож, ажиллаж хөдөлмөрлөөд явж байгаадаа баярлаж бахархдаг.

-Жолоо барих нь хүн бүрийн хэрэглээ болчихсон өнөө үед яг жолооч гэдэг мэргэжлийн үнэ цэнэ нь юунд байдаг гэж та итгэдэг вэ?

-Мэргэжил бүхэн сайхан гэдэг. Жолооч хүн техник үйлчилгээгээ ном ёсоор нь хийгээд хүндээ үйлчлээд явахад сайхан ш дээ. Бас тэр олон хүмүүсийн амийг хариуцаад явж байгаагийн хувьд замын хөдөлгөөнд зөв боловсон оролцоод явъя гэж боддог. Хүн жолооч ч бай засварчин ч бай тэрхүү ажилдаа сэтгэл зүрхээ зориулаад ажиллах нь л чухал. Сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөөд явахад ямар ч ажил сайхан, үнэ цэнэтэй гэж боддог.

-Тантай цуг  ажлын шинэ өглөө, шинэ өдрөө хүмүүс эхлүүлдэг?

-Тийм шүү, тэр утгаараа хүмүүсээ хаалгаар ороод ирэхэд нь “Сайн байна уу, сайхан амарсан уу?” гээд сайхан энергитэй ажилд нь авчрах тийм бодол тээж явдаг. Орой ч мөн адил ажлаа дуусгаад гэртээ харих гэж байгаа хүмүүстэй мэндэлдэг. Ингэхээр хүмүүс ч гэсэн манай жолооч, миний жолооч гэсэн сэтгэлгээгээр надтай харьцдаг. Тийм сайхан хандлагатай байхад их урам авдаг. Хүнтэй сайхан харьцаж явж байгаагийн л нэг урам бахархал юм уу гэж боддог.

-Ингэхэд та өглөө хэдэн цагт босдог вэ?

-Өглөө 5 цагт босдог. Бааз дээрээ очоод машин тэргээ цэвэрлээд 6 цагт хөдөлдөг. Тэгээд л тойроод хүмүүсээ цуглуулаад ирдэг дээ.

-19 жилийн турш 5 цагт боссон гэхээр таны амьдралын хэв маяг болчихсон уу?

Ер нь дадал болчихсон.  Би босохгүй бол хүмүүс ажилдаа явж чадахгүй. Тийм ч болохоор сэрүүлэг тавьдаг мөртлөө сэрүүлгээсээ өмнө сэрчихдэг юм.

-Таны хобби юу вэ?

-Авто спортод сонирхолтой. Авто ралли гээд дөрвөн дугуйтай моторт тэргээр аль болох богино хугацаанд барианд орох зорилготой уралдаан байдаг. Би 69-ээр уралддаг. Уралддаг болоод 10 жил болж байна. Спортын дэд мастер цолтой. “Иргэний нисэхийн ерөнхий газар”-ынхаа нэр дээр 26 дугаараар, хүү маань 48 дугаараар “Чингис Хаан” ОУНБ-ын нэр дээр уралддаг.

-Яагаад авто спортоор хичээллэх болов?

-Би өөрөө техникийн хүн болохоор жолооч гэдэг сэтгэхүйгээрээ ч юм уу авто спортод дуртай. Жолоочийн онцлог, давуу талаа ашигладаг. Хүн болгон уралдааны 69 барьж аваад уралдах боломжгүй шүү дээ. Хүнээс самбаачлах хугацааны хурд, ёс зүй шаарддаг. Тэр их хурд хүчтэй машиныг дурын хүн барих амар биш. Уралдаан гэхээр л хүр хар гээд мөргөлдөөд хавиралдаад байдаг юм биш, соёлтой  боловсон уралдах нь чухал байдаг.

-Ярилцлагын төгсгөлд жолооч нартаа хандаж юу уриалах вэ?

-Замын хөдөлгөөний дүрэм журмаа бариад, бие биенээ хүндлээд соёлтой боловсон оролцоцгооё гэж хэлье дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

 Ярилцсан: Б.Энхтуяа