Ш.Бямбадорж “Нисэхийн салбар бол  алдах эрхгүй асар өндөр хариуцлага юм”

977

Монгол улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 94 жилийн ойг угтан “Би мэргэжилдээ хайртай” буланг ажиллуулж эхэлж байгааг дуулгахад таатай байна. Цуврал ярилцлагын хамгийн эхний дугаарын зочноороо Аюулгүй байдал, хамгаалалтын албаны Сургалт хариуцсан мэргэжилтэн Ш.Бямбадоржийг урьсан бөгөөд түүнтэй ажил мэргэжлийнх нь талаар хэсэгхэн хором хөөрөлдсөн ярилцлагаа та бүхэндээ толилуулж байна.

-Сайхан хаваржиж байна уу. Урилга  хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу.

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Шаравын Бямбадорж гэдэг. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1997 оноос хойш Нисэхэд ажиллаж байна.

-Хүүхэд байхдаа ямар мэргэжилтэй болохыг хүсдэг байсан бэ?

-Тухайн үед 1981 оны 3-р сарын 22нд Гүррагчаа гуай анх сансарт нисээд, манай үеийнхэн чинь бүгд л сансрын нисгэгч болно гэдэг байсан шүү дээ. (инээв) Бага сага юм зурдаг байсан болохоор зураач болохыг хүсдэг байсан.

-Та анхны ажлын гараагаа эхэлж байсан түүхээсээ хуваалцаач?

 -Анх 1997 оны 2-р сарын 18-нд аюулгүй байдал хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажилд орж байсан. Түүнээс хойш эргүүл, үзлэгийн шалгагч, зохицуулагч, ээлжийн ахлагч хийж байлаа. Сүүлийн гурван жил аюулгүй байдлын удирдлагын багт орсон байгаа. Одоо сургалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна.

-Та харуулаас эхлээд одоо удирдлагын багт орж ажиллаж байгаа гэлээ?

-Ер нь ажлыг багаас нь л эхлэх хэрэгтэй гэж боддог. Залуучууддаа ч гэсэн хандаад хэлэхэд ажлыг багаас нь эхэлж хийснээр зовлон жаргалыг нь мэддэг,  ажил нь ч гарт нь ордог давуу тал ихтэй байдаг тул ажлыг битгий голоорой гэж хэлмээр байна.

-Таны бахархал юу вэ?

-Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангаж буй том үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулж буйдаа бахархдаг. Буянт-Ухаагаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэндээ баярладаг.

-Нөгөө талаас аюулгүй байдал гэдэг бас асар өндөр хариуцлага байдаг байх?

-Тийм шүү. Иргэний нисэхийн эсрэг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалж, аюулгүй байдлыг хангана гэдэг бол асар өндөр хариуцлага юм. 2001 оны есдүгээр сарын 11-ний хэргээс хойш нисэхийн аюулгүй байдал дэлхий даяар номер нэгт тавигдаж байгаа асуудал шүү дээ. Алдах эрхгүй  гэсэн үг л дээ. Тэнд ажиллах хүмүүсийг сургаж дадлагажуулдаг.

-Ямар зөрчил их  тохиолддог вэ?

-Хүмүүс санаатайгаар гэхээсээ илүүтэйгээр санамсаргүй байдлаар гаргасан зөрчил элбэг тохиолддог. Хурц иртэй зүйл, шингэн зүйл зэргийг мэдээлэл дутмагаас мөн хайнга байдлын үүднээс авч орох тохиолдол байдаг.

-Аюултай ачааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч  тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм), шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний чүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд) шахсан хий (Бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгагч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхт бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд, буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг авч орохыг хатуу хориглодог.

-Аюулгүй байдлын үзлэг шалгалтын тал дээр 22 жилийн туршлага байгаа юм байна. Одоо шинээр суралцаж байгаа залууст юу захидаг вэ?

-Аюулгүй байдал гэдэг бол сургалтад суугаад,шалгалт өгөөд, үнэмлэх аваад  л сурчихдаг зүйл биш юм. Ажил мэргэжил талаасаа олон жилийн туршлага, дадлага хэрэгтэй.  Мөн хувь хүн талаасаа ажигч гярхай чанар, мэдрэмж хэрэгтэй байдаг. Өөрийгөө болчихлоо гэж битгий бод байнга суралц гэдэг.

-Та ажил дээрээ ямар зарчим баримталдаг вэ?

-Эмх цэгц, цаг төлөвлөлт. Ингэснээр хийх ёстой ажлаа цагт нь амжуулах боломжтой гэж боддог.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Удахгүй таван сард монгол улсад нисэх хүчин байгуулагдсаны 94 жилийн ой болно. Тэгэхээр ойн баярын мэндийг үе үеийн иргэний нисэхийн ажилтан албан хаагчиддаа болон Аюулгүй байдлын үзлэгийн шалгагч нартаа хүргэе.

-Цаг зав гарган ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт тань өндөр амжилт хүсье.

-Чамд ч бас баярлалаа.

Ярилцсан: Б.Энхтуяа