Нисэх буудлын шинэ хотын ерөнхий төлөвлөгөө батлагдлаа

613
Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндийд баригдсан Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг даган бий болох шинэ хот /аэросити/-ын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг, Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны 29 дүгээр тогтоолоор батлагдсан байна. Энэхүү төлөвлөгөө батлагдсанаар тухайн бүс нутагт хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад баримтлах хот төлөвлөлтийн бодлого тодорхой болж байгаа юм. Шинэ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хүн амын нягтралыг задлах, дагуул хаяа хот тосгодыг хөгжүүлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх, шинэ техник технологийг нутагшуулах зэрэг олон талын ач холбогдолтой юм. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт олон улсын шинэ нисэх буудал нь 1695.0 га нутаг дэвсгэрийг хамарч, үүнийг түшиглэн хөгжих шинэ хотыг 51.5 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн бөгөөд нийслэлтэй хурдны авто замаар холбохоор тусгасан байна.
Мөн шинээр байгуулагдах хотод 9479 айл өрх оршин суухаар төлөвлөж байгаа бөгөөд худалдаа, үйлчилгээ хосолсон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах, өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг бий болгох аж. Мөн төлөвлөлтийн хугацаанд 960 хүүхдийн 7 сургууль, 280 хүүхдийн 12 цэцэрлэг, 670 хүүхдийн 1 МСҮТ, 330 ортой нэгдсэн эмнэлэг шаардлагатай байх тооцоо гарсан байна. Шинэ хотын бүтээн байгуулалтын үйл явцыг 4 үе шатанд хуваан үзэж, 20 жилд багтаан хэрэгжүүлэх боломжтой гэж тооцжээ.

 

Эх сурвалж: Eagle News