“Өөрчлөлтийг өөрөөсөө”

299

Долоо хоног бүр зохион байгуулагддаг “Хөгжлийн цаг” лекц  2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр НБУГ-ын хурлын танхимд болж өнгөрлөө. Энэ удаагийн илтгэгчээр Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч Ү.Амарбат уригдан оролцсон юм.

Тэрбээр шударга байдлын үнэ цэнэ болоод шударга бус байдлын өр төлөөсийн талаар сонирхол татам хэлэлцүүлгийг өрнүүллээ. Түүнийхээр шударга хүний үйлдэлд дараах зүйлс багтдаг байна.

Үүнд: Хариуцлагатай байх, Зөв зорилготой байх, Хууль дүрмийг ягштал биелүүлэх, Эерэг харилцаатай байх, Шүгэл үлээгч байх буюу өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүлэх, Өөртөө, ирээдүйдээ мөн  тангарагтаа үнэнч байх, Өөрийн оролцоог голохгүй байх зэрэг дадлууд ордог гэлээ.

Хүмүүс амин хувийн эрх ашгийг бодсоноор нийтийг ямагт хохироож байдаг. Харин нийт олныг бодож шийдвэр гаргаснаар цаашдын замдаа ялалтад хүрдэг гэдгийг дүрд орох тоглоомоор дамжуулан хүмүүст хүргэсэн юм.

Хүн аливаа зүйлийг давтан хийснээр дадал болон тогтдог.  Шударга ёс ч үүнтэй адил зарчмаар явдаг. Монголчууд дуслыг хураавал далай хэмээн бэлэгшээдэг ард түмэн. Тиймээс өөрийн оролцоог чамлалгүй үнэнч шударга байх, түүнд хувь нэмрээ оруулахыг уриалан дуудаж байлаа.