“Ёс суртахууны зарчим бол улс орон хөгжих гол гарц нь юм”

370

Шинэ  сарын эхний өдөр буюу 2019 оны хоёрдугаар сарын нэгний өдөр НБУГ-ын хурлын танхимд “Хөгжлийн цаг” ярилцлага амжилттай болж өнгөрлөө.

Энэ удаагийн хүндэт зочноор Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу уригдан оролцож, Буддын шашны философи, ёс суртахуун, үнэт зүйлийн талаар  яриа өрнүүлсэн юм.

Тэрбээр “Хүмүүс “жаргах”-ын тулд л энэ хорвоо дээр орчлонгийн тоос хөдөлгөн яваа. Сайн  нийгэм, сайхан ирээдүйг хүсэж байгаа бол хүн бүр өөрийн үйлдлээ эргэцүүлэн тунгаах, өөрийн дотор сэтгэл рүүгээ өнгийж  сайтар харж байх хэрэгтэй” гэлээ.

Мөн улс орныг нэгэн их айл хэмээн дүрсэлж, цэвэр цэмцгэр, эв найртай, эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай  ёстой л нөгөө “Тов хийсэн” айлын дайтай айл болохын тулд эд эс нь болсон  бид хичээх учиртай. Дан ганц материаллаг баялгаар бид хөгжихгүй. Ашиг хонжооноос ёс суртахуун ямагт дээгүүр байх учиртай. Бид өөрсдөө дотроосоо өөрчлөгдөж чадвал улс орон хөгжих боломжтой гэдгийг онцолж байлаа.

Булчин шөрмөс хөгжсөнөөр гаднах бие хүчтэй  болдог бол ёс суртахуун, үнэт зүйлээ тэтгэснээр хүний дотоод ертөнц хүчирхэгждэг.

Ид шидтэйд нь биш харин муу сэтгэлийг ялж чадсан болохоор нь бид Бурханд  мөргөдөг. Ёс суртахуунтай байх, муу сэтгэлээ ялан дийлэх нь тийм ч амархан зүйл биш. Гэхдээ биеийн булчинг  бялдаржуулан хөгжүүлж болдог шиг сайн сэтгэл, ёс суртахууны үрийг ч бас тордон арчилснаар  цэцэглүүлэн дэлбээлүүлж болдог хэмээн ярив.

Ёс суртахуун, үнэт зүйлийн уналтад ороод буй өнөөгийн нийгэмд өөрийн гэрлээ түгээсээр яваа Д.Нямсамбуу багшид НБУГ-ын ажилчид талархлаа илэрхийлснээр энэ удаагийн ярилцлага өндөрлөлөө.