“Монгол соёл, өв уламжлал, түүний чиг хандлага” сэдэвт чөлөөт ярилцлага өрнүүллээ

338

Өнөөдөр буюу 2019 оны нэгдүгээр сар 25 ны өдөр НБУГ –ын хурлын танхимд “Хөгжлийн цаг”  лекц болж өнгөрлөө. Энэ удаагийн зочин илтгэгчээр Нацагдоржийн номын сангийн захирал, Дашбалбар сангийн тэргүүн, соёл судлаач Д.Индра оролцлоо.

Лекцийн эхэнд  НБУГ-ын Хөгжлийн бодлого хариуцсан ерөнхий менежер Б.Пүрэвсүрэн “…. мэдлэг олгох гэхээсээ илүүтэйгээр хүмүүст урам зориг, сэдлийг өгөх зорилготой үйл ажиллагаанд маань байнга идэвхитэй оролцдог хамт олондоо баярлалаа” гэсэн юм.

Д.Индра “Монгол соёл” сэдэвт лекцээрээ Монгол соёл, өв уламжлал, зан заншил болоод одоогийн чиг хандлагын талаар халуун дулаан яриа өрнүүллээ.

Тэрбээр “ Өнөөдөр Монгол хүн Монгол ёс заншилтай холбоотой баярыг тэмдэглэдэг хэрнээ тэрхүү баяр ёслол, зан үйлийнхээ цаад утга учир, мөн чанарыг нь мэдэхгүй байгаа нь харамсалтай. Монголчууд бол бэлгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн. Ахмад буурлаа хүндэтгэж, урин хавартай энх золгосны баяр хэмээн цагаан сарыг тэмдэглэдэг байсан бол одоо эд хөрөнгөөрөө гайхуулах , чамирхах нь их болжээ. Энэ нь өөрөө соёлын хямрал юм. Бид өөрсдийн соёлоо судалж, үр  хүүхдүүддээ заан сургах, уламжлуулах үүрэгтэй. Дэлхийн хаана ч байсан нүүдэлчин соёлыг өөртөө тээн соёлын жинчин хийх боломжтой. Тэгэхгүй бол бидний оюун сэтгэлгээ, өв уламжлалд нэвт шингэсэн Монгол соёл маань даяаршлын их шуурганд нуран унах аюултайг цохон тэмдэглэж байлаа.

Түүнчлэн уужим сэтгэл, саруул ухаант Монгол хүн өнөө үед хэлбэрт хууртах болсон нь Монгол ёс заншилаа сайн мэдэхгүй, ном уншихгүй байгаатай холбоотой. Номыг хадгалж цуглуулах, бурхан шүтээндээ залах биш өдөр тутмын хүнс мэт хэрэглэж, боловсруулж, өөрийн үйл хэрэгтээ хэрэгжүүлэх нь хамгийн чухал гэдгийг  сануулаад авлаа.

Лекцийн төгсгөлд Санхүүгийн менежер Д.Баярбаясгалан :  Соёлын салбарт өөрийн дуу хоолойгоо өргөж,чухал асуудлыг  бидэнд ойлгуулан сурталчилж  байгаад  баярлалаа хэмээгээд соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг цаашид  олон нийтэд сайтар түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг уламжилж байв.