“Хүмүүстэй харилцах харилцаа өөртэйгээ харилцахаас эхэлдэг”

500

      НБУГ нь ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Хөгжлийн цаг” чөлөөт арга хэмжээг зохион байгуулж эхэллээ.

      Энэхүү ажлын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 18-нд “Харилцаа ба хандлага” сэдвээр лекц зохион байгуулав.

      Уг лекцийн зочин илтгэгчээр лектор Г.Мөнгөн уригдаж оролцсон бөгөөд харилцааны талаар өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.

     Тэрбээр хүмүүстэй харилцах харилцаа өөртэйгээ харилцахаас эхэлдэг гээд өөрийн нэг өдөр, нэг долоо хоног улмаар нэг сарыг хэрхэн бүтээх талаар,мөн тэгснээр хүний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох талаар ярилаа.

      Лекцийн агуулгаас товч дурдвал өөрийн нэг өдрийг бүтээхийн тулд оройны зургаан цагаас хойш хоол идэхгүй байх хэрэгтэй юм байна. Орой хоол идэх нь тархийг ачаалж, шөнийн турш тархи ажилласаар байдаг тул амарч чадахгүй улмаар дараа өдрийнх нь ажлын бүтээмж буурдаг гэв. Мөн түүнчлэн өөрийн долоо хоногийг бүтээхийн тулд долоо хоногт хоёроос гурван удаа дасгал хөдөлгөөн хийх, мөн ном унших хэрэгтэй гэнэ.

      Эцэст нь өөрийн нэг сараа бүтээх гэдгийг  мөнгө хадгалах зуршил бий болгохтой зүйрлэсэн ба түүний ач холбогдлыг тайлбарласан юм.

      Хүмүүсийн төлөвлөгөөгүй байдал, харилцааны буруу хандлага нь байгууллага хамт олон төдийгүй найз нөхдийн хооронд харилцаанд сөрөг үр дагаврыг авчирдаг байна. Харилцаанд үгэн бус харилцаа буюу биеийн хэл онцгой нөлөө үзүүлдэг бөгөөд чин сэтгэлийн инээмсэглэлээ мартахгүй байхыг уриалсанаар энэ удаагийн лекц өндөрлөлөө.

     НБУГ долоо хоног бүрийн баасан гарагт “Хөгжлийн цаг”-тай болж байгаа нь хүмүүсийн сайшаалыг хүртэж байв.