Түүхэн замнал

1925 он

        Монгол нутгийн газар шороонд анх удаа тэнгэрийн хөлөг газардаж эхэлсэн тэр цаг 1925 оны 5-р сарын 25 өнөөдрийн агаарын тээвэр, нисэх буудлын эхлэл тавигдаж гал голомтоо асаан бадраасан түүхтэй. 1925 онд Консулын дэнжид тэгшхэн цэвэрхэн талбайд анхны тэнгэрийн хөлөг болох  Ю-13 хэмээх гурван агаарын хөлөгтэй отряд Эрхүү хотоос нисэж ирсэн. Монголын хөх тэнгэрт анх замаа гаргаж, хүржигнэн хүрхрэх их дуун хадаан Монголын анхны аэродромд анхны мөрөө гаргасан Ю-13 агаарын хөлөг Монголын нисэх хүчин, нисэх буудлын түүхэнд бичигдсэн.

1935 он

      1935 оны 05-р сарын 25, Монгол улс нисэх онгоцтой, нисэх буудалтай болсны 10 жилийн ой тохиолдон нисэх хүчнийг “Байлдааны гавьяаны улаан туг ”-ийн одонгоор шагнасан.

1946 он

      Дэлхийн II дайны дараа БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс улс орны амьдралыг дайны үеийн байдлаас энх тайван цагт шилжүүлэх, эдийн засгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх талаар нийгэм, эдийн засаг руу чиглэсэн ажлуудын голлох хэсэг нь шуудан, харилцаа холбоо, авто ба агаарын тээвэр, төмөр замыг хөгжүүлэх талаар байв. Тус зорилгоор БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн “Иргэний нисэх онгоцны ангийг байгуулах тухай” 1946 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 16 дугаар тогтоол гарчээ. Тогтоолд “Аймгийн төвүүдтэй харилцах харилцааг үндсээр нь сайжруулах, Засгийн газрын ба иргэний шуудан түргэн хүргэх, тэрчлэн тус улсын ард түмэнд хүн эмнэлэгийн яаралтай тусламжийг үзүүлэх цэргийн яамны шууд харъяанд Агаарын иргэний нисэх отръядыг байгуулсугай” гэж заажээ.

1947 он

       Иргэний агаарын нисэх отръядын анхны даргаар Цэргийн явдлын яамны сайд, Бүх цэргийн жанжны 1947 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0167 тоот тушаалаар нисэх холимог 5-р хорооны нислэгийн туслах Дугарын Гунгааг томилжээ. Иргэний нисэхийн анхны отръяд “Супер” онгоц 7, По-2 онгоц 1-гээр байгуулагджээ. “Супер” онгоцыг 1945 онд Японоос 12-ыг олзолж, зохих шалгалт, техникийн үзлэг хийсний үндсэнд 7 онгоцыг нь нислэгт тэнцүүлж, иргэний тээвэрт шижүүлсэн байна. Тус онгоцыг Монголын цэргийн нисэх хүчний дунд үеийнхэн буюу хөгжлийн оргил үед нь алба хааж байсан алдарт нисгэгч Д.Гунгаа, У.Даравгар, М.Осор, Д.Жамбалдорж нар эзэмшин Дундговь, Сайншанд, Өндөрхаан, Сүхбаатарын чиглэлд иргэний нислэгийн үүргийг анх удаа биелүүлжээ.

1956 он

Олон улсын агаарын тээврийн шугамын нээлт /ЗСБНХУ/

        Монголын агаарын тээврийг байгуулах, бэхжүүлэх асуудлаар БНМАУ ба ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд хэлэлцээр хийж, ЗХУ-ын Аэрофлот, Монголын агаарын харилцааны газрын хооронд олон улсын агаарын тээврийн шугамаар зорчигчид, ачаа тээш, шуудан тээвэрлэх журам, нөхцөлүүд, харилцан хүлээх үүрэг, хариуцлага, үзүүлэх тусламж, хамтын ажиллагааны болон үйлчилгээний үнэ, тооцоо хийх зарчмыг тодорхойлсон байна. Мөн уг хэлэлцээрээр Улаанбаатар, Москвагийн агаарын шугам нээх, БНМАУ-ын нутагт ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулагдсан Буянт-Ухаа, Сайншандын 20 сая төгрөгийн өртөг бүхий нисэх онгоцны буудлыг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр тохиролцож хэлэлцээрт БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Сономын Лувсан, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх иргэний агаарын тээврийн удирдах ерөнхий газрын дарга С.Ф.Жаворонков нар гарын үсэг зуржээ.

       ИАТ-ийн талаар ЗХУ-тай 1956 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрийн дагуу Улаанбаатар-Сайншандын нисэх онгоцны буудлын тоноглол, төхөөрөмж, эд хэрэглэл, ИЛ-14 онгоц 5-ыг хүлээн авч иргэний агаарын тээвэрт ашиглаж эхэлсэн байна. Мэргэжилтнүүдийг урьж авчран дагалдуулах, дотоод гадаадын агаарын шугамд Монгол Улс өөрийн багийг бие даан нисгэх болжээ. 1957 оны 11 дүгээр сарын сүүлчээр Улъяновскт суралцаж ирсэн “Ил-14”-ийн экипаж, Ил-14 онгоцоор Хөвсгөл, Дундговь аймагт техникийн анхныхаа нислэгийг амжилттай хийжээ. Улаанбаатар хот болон Сайншандын нисэх онгоцны буудалд ПАР-3 станц тавьжээ. Мөн энэ үед богино долгионы “РСБ-3” радио станцыг тавьж анхны холбоочид томилогджээ.

      БНМАУ-ын Cн3 Улаанбаатраас Ховд, Чойбалсан аймгийн чиглэлд  АН-2 агаарын хөлгөөр иргэний агаарын тээврийн тогтмол нислэг хийлгэх тогтоол гаргажээ. Ингэж Буянт-Ухаа нисэх буудал эх орондоо нисэх буудлууд ихэрлэн төрүүлсэн юм. 1956 оноос хойш үе шаттай хөгжиж нэгдсэн буудал гэж байгуулагдсан үе байдаг. 1970-аад он гэхэд Ховдын нэгдсэн буудалд Баян- Өлгий, Увс, Баянхонгорын нэгдсэн буудалд Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Хөвсгөлийн нэгдсэн буудалд Архангай, Булган, Дундговийн нэгдсэн буудалд Өмнөговь, Дорноговь, Дорнотын нэгдсэн буудалд Сүхбаатар, Хэнтий, Буянт-Ухаагийн төв буудалд Төв аймгийн буудлууд харьяалагдаж, жилийн тайлан балансаа нэгдсэн буудлын хэмжээгээр гаргаж , буудал тус бүр уралдаантай ажилладаг байв.

1957 он

Олон улсын агаарын тээврийн шинэ хэлэлцээр, Буянт-Ухаа аэродром

        1957 онд БНХАУ-ын иргэний агаарын тээврийн байгууллага, мөн ЗХУ-ын иргэний тээврийн ерөнхий газартай гэрээ хэлэлцээр байгуулан, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шуурхайлан зохион байгуулав. 1957 онд ЗХУ-аас Ан-2 онгоц 10-ыг худалдан авч, 1957 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ЗХУ-аас бэлгийн шугамаар Ил-14 онгоц 5-ыг хүлээн авсан байна. Дараа нь БНСЧСУ-ын Ил-14 онгоц 2-ыг худалдан авчээ. 1957 онд Бөхөг Цагаан толгойн аэродромоос Ж.Очирсуурь даргатай тээврийн эскадриль Буянт-Ухаад шилжин байрлажээ.

        ИАТУЕГ агаарын хөлгийн паркийг шинэчилж Ан-2, Ил-14, Ан-24, Ан-26 загварын агаарын хөлгүүд, К-26, Ми-8 загварын нисдэг тэргээр тус тус зорчигчдод үйлчлэх болсон нь аймгуудын нисэх онгоцны буудлыг радио-навигацийн шаардлага хангасан радио станц, радио локатор, чиглүүлэх станцаар тоноглож, хүн олноор зорчдог Хөвсгөл, Ховд, Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Өмнөговийн нисэх буудлуудыг шөнөөр агаарын хөлөг хүлээн авах төхөөрөмжтэй болгож, хоногт нэг аймагт Улаанбаатараас 2 удаа нислэг хийж хүн арддаа үйлчилдэг нисэх онгоцны төв ба салбар буудлуудтай болсон байна.

1958 он

Монгол Улсын анхны Олон улсын нислэг. Агаарын харилцааны дүрэм, тээврийн 1 цагийн хөлсийг батлав. Анхны нисэх клуб, Агаарын харилцааны хэлэлцээр /БНХАУ/, Ерөнхий зориулалтын агаарын тээвэр

       1958 онд хуралдсан МАХН-ын 12-р хуралд “Монголын ард түмний олсон ололт амжилтуудын “Монголын ард түмний олсон ололт амжилтуудын нэг бол иргэний агаарын тээвэртэй болсон явдал юм.” гэж тэмдэглэжээ. Иргэний агаарын тээвэр энэ онд 14 Ан-2 онгоц, 7 Ил-14 онгоц тээврийн зориулалттай нийт 21 онгоцтой болж, Г.Раднаа даргатай Ил-14 онгоцны I эскадриль, Ж.Очирсуурь даргатай тээврийн II эскадриль 11605 зорчигч, 363700 кг ачаа шуудан тээвэрлэж байв. 1958 оны 6-р сар гэхэд нисэх 5-р отръяд Буянт-Ухаад бүрэн бүрэлдэхүүнээрээ шилжиж, аж ахуйн зохион байгуулалтын хувьд бэхжиж байв. 1958 оны эхээр нисгэгч Б.Дашдорж, Д.Даваадорж, Ц.Өлзийтогтох, Г.Цэрэндорж нарын бүрэлдэхүүнтэй БНМАУ-ын Ил-14 онгоцны баг Москва-Улаанбаатарын анхны олон улсын нислэгийн үүргийг гүйцэтгэжээ. 1958 оны 01 дүгээр сарын 17-нд Улаанбаатар хотод БНМАУ, БНХАУ-ын Засгийн газрын хооронд Иргэний Агаарын харилцааны талаар хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байна.

       БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1958 оны 04 дүгээр сарын 25-ны 112 тоот тогтоолоор агаарын харилцааны дүрмийг, мөн тээврийн 1 цагийн хөлсний тарифийг баталж, Ил-14 онгоц – 1800 төгрөг, Ан-2 онгоц – 600 төгрөг, Як-18, Як-12 онгоц – 270 төгрөгөөр тогтоожээ. Агаарын харилцааны төв, хөдөөгийн салбаруудад мэргэжлийн боловсон хүчин ихээхэн дутагдаж байсан тул гадаад, дотоодод нисэхийн мэргэжлээр бэлтгэгдсэн бэлтгэл хүмүүсээ олон тоогоор татаж, нисэх онгоцны 5-р отръядын бүрэлдэхүүнд Улаанбаатар хотын Нисэх онгоцны төв буудлыг харъяалуулж, нисгэгч, техникч нарыг мэргэжлийн зэрэгтэй болгох, мэргэжлийн хүмүүст халуун хоол олгож байхаар тогтоожээ. Мөн тус онд Ховдын Булган суманд анхны холбооны релейны станц байрлуулж, Улаанбаатарт холын привод станцыг тавьжээ.

      1958 оны 04 дүгээр сарын 25-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс “Агаарын тээврийн ажиллагааг сайжруулах арга хэмжээний тухай” тогтоол гарган уг тогтоолд “тус улсын нисэх онгоцны хүчин чадал дотоодын ба олон улсын шугамд үйлчлэх бололцоотой байна” гэж тэмдэглээд цааш нь улсын хамгийн алслагдсан нутагт хүмүүс, ачаа, шууданг онгоцоор хүргэдэг болох зорилтыг тавих, агаарын тээврийн, эмнэлэгийн түргэн тусламж, ой хээрийн түймэр, хөдөө аж ахуйн хортонтой тэмцэх, байгаль хамгаалах зэрэг зориулалтаар өргөн ашиглах шаардлага тавигдаж байгааг цохон дурджээ. Мөн Орон нутгийн хөөрч буух зурвасыг нисэх буудалд нь бүрэн хариуцуулж, таних тэмдэг, хамгаалалтыг хийж УБ хот, аймгуудын аэродромыг өргөтгөн сайжруулж эхэлжээ.

1960 он

Сантехник барилга засварын алба

       Тус алба нь 1960 аад оны сүүлчээр аж ахуйн хэсэг нэртэйгээр байгуулагдан, байгууллагын хэмжээний түлээ нүүрс, цэвэр ус, халаалт болон барилга сантехникийн засвар үйлчилгээг гардан хийдэг алтан гартай слесарь, механик, инженерийн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Сумдын нислэг, Агаарын шинэ шугам 

        1960 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 тоот тогтоолоор Ховдын Булган сум, Хөвсгөлийн Мөрөн хотоос Хатгал, Ханх суманд нислэг үйлдэх агаарын шинэ шугам нээжээ. Мөн Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 02 дугаар сарын 07-ны тогтоолоор Говь-Алтай аймгийн Биж-Алтай суманд шаардлагатай үед онгоц явуулж, хүн тээвэрлэж, шуудан ачаа хүргэж байхаар шийдвэрлэжээ. 1960 оны эцэс гэхэд Монгол Улсын 15 гаруй суманд иргэний агаарын тээвэр үйлчилж, 1960 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн Ховд, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн онгоцны буудлуудад Ан-2 онгоц байрлаж, сумдын хооронд шуудангийн нислэг хийж эхэлжээ. 1960 оны 5-р сард Агаарын химийн нислэгийг анх удаа Монгол оронд хийжээ. Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 09 дүгээр сарын 27-ны 420 тоот тогтоолоор Улаанбаатарын Буянт-Ухаагийн аэродромын нисэх буух талбайг цардах тухай шийдвэр гаргаж, төв аэродромыг 1961 оны 06 дугаар сарын 20-ны дотор барьж дуусгах, уулын локаторыг Богд уулын 1700 тоот өндөрлөгт суурилуулж байрлуулах тухай шийдвэр гаргажээ. Суурь тавих ёслолын ажиллагаанд нам, төрийн удирдагч Ю.Цэдэнбал, Ж.Самбуу нар оролцсон байна.

Буянт-Ухаа аэродромыг бетон зурвастай болгон ашиглалтад хүлээж авав. Сэлэнгэ аймгийн нисэх онгоцны буудал 

      Буянт-Ухаагийн аэродромын дунд, хүнд онгоц хүлээн авах чадалтай болгоход анхаарч бетон зурвастай болгон 1961 оны 07 дугаар сарын эхээр ашиглалтад хүлээн авав. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл Сэлэнгэ аймагт нисэх онгоцны буудал байгуулах шийдвэрийг 1961 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргажээ. Мөн 05 дугаар сарын 17-ны 230 тоот тогтоолоор 1961 оны 06 дугаар сарын 15-аас эхлэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Сэлэнгэ аймгийн Зэлтэрийн сангийн аж ахуйд иргэний агаарын тээврийн шинэ шугам нээжээ. 1961 оноос Буянт-Ухаагийн Нисэх онгоцны буудалд, аэродром ба холбооны өргөтгөл хийгдэж, “Луч-2” хэмээх шөнийн гэрэл суултын систем, курс глисадын систем, уулын локатор, суултын локатор суурилуулан тавьж, холын болон ойрын чиглүүлэх “ПАР-7”, “ПАР-8” радиостанцууд, нисэх онгоцтой холбоо барих “Баклан-20”, “Баклан-5” зэрэг командын радиостанцуудыг тавьж шинэчилжээ. Мөн аймгууд дах нисэх онгоцны буудлуудад 1 квт-ын чадалтай “Р-820” маркийн богино долгионы радиостанцыг тавьж холбоожуулсан байна. 1961 оны 6-р сарын 27-нд ЗХУ-аас ИЛ-18 загварын 84 хүний суудалтай, том оврын агаарын хөлөг Буянт- Ухаа нисэх буудалд газардсанаар гадаад орнуудын агаарын хөлгийг хүлээн авах нислэгийн үйлчилгээний ажил үргэлжилжээ.

1964 он

       1964 оны 10-р сарын 8-аас эхлэн Буянт- Ухаагийн нисэх буудалд Ан-24 загварын агаарын хөлгийг хүлээн авч үйлчилсээр иржээ.

1965 он

     1965 онд аймгуудын нисэх буудлууд шөнийн гэрэл суултын төхөөрөмж тавьж эхэлжээ.

Монголын нисэх хүчний 40 жилийн ой

       Монголын иргэний агаарын тээвэрчид бүх ард түмнийхээ хамт Монголын нисэх хүчний 40 жилийн ойг өргөн тэмдэглэжээ. 1965 оны байдлаар иргэний агаарын тээвэр нь 13 аймаг, 55 САА, суманд 7 хоногт 2-7 удаа, олон улсын шугамд Ан-24 онгоц нисч байв. Мөн онд нисэх хүчний 40 жилийн ойгоор МАХН Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс агаарын харилцааны газрын хамт олонд ирүүлсэн баярын бичигт “МАХН-ын удирдлага, халамж анхаарал, аугаа их ЗХУ-ын тусламжийн ачаар БНМАУ-ын нисэх хүчин өнгөрсөн 40 жилийн дотор анхны жижиг нисэх хэсгээс орчин үеийн тэргүүний техник, өндөр мэргэжилтэй нисгэгч, инженер, техникч зэрэг үндэсний боловсон хүчнээр хангагдсан томоохон байгууллага хүртлээ алдарт сайхан замыг туулжээ. Олсон амжилтаа бататган орчин үеийн шинэ техникийг чадамгай эзэмшин, ЗХУ, социалист бусад орны агаарын тээврийн тэргүүний туршлага, дэвшилтэт арга барилыг ажилдаа өргөн нэвтрүүлж, ашиглалтын ажлын зохион байгуулалтыг эрс сайжруулж, тээврийн хэрэгслийн хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэн, тээвэрлэлтийн өөрийн өртгийг хямдруулах, улсын төлөвлөгөөт даалгаварыг эдийн засгийн үзүүлэлт бүрээр нь цаг хугацаанд нь хангаж, нам ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх чухал зорилт агаарын тээвэрчдийн өмнө тавигдаж байна.” гэжээ.

       1965 оны 3 дугаар сараас Архангай аймгийн Ихтамир, Өндөр-Улаан, Хангай, Эрдэнэ-мандал, Чулуут, Цэцэрлэг, Хайрхан, Хашаат, Өлзийт, Батцэнгэл, 12 дугаар сараас Говь-Алтай аймгийн Цээл, Алтай, Баян-Уул, Хөх морьт, Жаргалан, Баянтоорой бригад, Увс аймгийн Наранбулаг, Завхан, Ховд, Бөхмөрөн, Давст зэрэг сумдад агаарын шуудан тээврийн нислэг хийх болжээ. 1965 онд Иргэний агаарын тээвэрчид 21000, 800 цаг нислэг хийж, 133000 зорчигч, 1 сая 810600 кг ачаа тээвэрлэсэн байна.1965 онд аймгуудын нисэх буудлууд шөнийн гэрэл суултын төхөөрөмж тавьж эхэлжээ. 1969 онд Хөвсгөл, Хэнтий, Говь- Алтай, Өмнөговь, Ховд, Өвөрхангайд шөнөөр агаарын хөлөг авах төхөөрөмж тавьж ашиглаж иржээ.

1966-1970 он

Үндэсний мэргэжлийн боловсон хүчний өргөтгөл

        1969 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх онгоцны буудлын аэродромд шөнийн гэрэл суултын системийг тавьж ашиглалтанд оруулжээ. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээвэр улсынхаа бүх аймгуудын 80 хувьд буюу 130 сум, сангийн аж ахуйд хүрч үйлчилж чаддаг болсон байна. Улаанбаатараас аймгуудын хооронд 7 хоногт 4-6 удаа, аймгийн төвөөс сумуудад 2-3 удаа тогтмол нислэг хийж, сумаас аймагт, аймгаас сумдад зорчиж байсан бүх хүмүүсийн 30 гаруй хувь нь аймгаас нийслэлд, нийслэлээс аймгуудад зорчиж байсан бүх хүмүүсийн 30 гаруй хувь нь аймгаас нийслэлд, нийслэлээс аймгуудад зорчиж байсан нийт хүмүүсийн 70 орчим хувь нь агаарын тээврээр үйлчлүүлж байжээ.1966-1970 онд мэргэжлийн инженер, нисгэгчдийн тоо, онгоцны парк 2 дахин өсч, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн буудлуудыг шөнийн нислэг үйлдэх, гэрэл суултын системээр тоноглон ашиглалтанд оруулсан ба зорчигч тээвэрлэлт 80 хувь, шинээр нээсэн агаарын замын урт 60 хувиар нэмэгджээ.

1972 он

 Нисэх буудлуудын шинэ зохион байгуулалт

       1972 оны 11 сард Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын бүтэц, зохион байгуулалтанд зарим өөрчлөлт оруулж, нислэгийн инженер-материал хангамжийн, төлөвлөгөө эдийн засгийн, тайлан бүртгэлийн гэсэн 5 хэлтэстэй болгож, аймгуудын нисэх буудлуудын зохион байгуулалтанд Ховд, Хөвсгөл, Дундговь, Дорнод, Баянхонгор гэсэн 5 бүс болгон хувааж, нэгдсэн буудлуудыг байгуулж, удирдлагыг нэгдсэн буудлууд дээр төвлөрүүлсэн байна.

1975 он

Нисэх хүчний 50 жилийн ой

         Монголын иргэний агаарын тээвэрчдийн хувьд нисэх хүчний 50 жилийн түүхт ой, улс ардын аж ахуй, соёлыг хөгжүүлэх тавдугаар таван жилийн төлөвлөгөөгөөр тавигдсан зорилтыг бүх үзүүлэлтээр нь давуулан биелүүлэх нэн хариуцлагатай жил байв. Иргэний агаарын тээврийн төв, хөдөөгийн байгууллага, хамт олон, нисгэгч, инженер, техникчид, нислэг хөдөлгөөнийг удирдах, аюулгүй байдлыг хангах хүрээнд ажиллаж байсан ажилчин, албан хаагчид, мэргэжилтнүүд түүхт ойгоо тавдугаар таван жилийн төлөвлөгөөт зорилтыг хугацаанаас нь 45 хоногийн өмнө биелүүлж, зорчигч тээвэрлэлтийн төлөвлөгөөг 106 хувь, зорчигч эргэлтийн төлөвлөгөөг 112 хувь, ачаа шуудан тээвэрлэлтийн төлөвлөгөөг 118 хувь, ачаа эргэлтийн төлөвлөгөөг 115,5 хувиар тус тус биелүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг 22,6 хувиар дээшлүүлж, тээврийн өөрийн өртгийг 9,1 хувиар хямдруулсан хөдөлмөрийн өндөр амжилтаар тэмдэглэжээ.

      1975 онд 36,7 мянган цаг нисч, 316,4 мянган зорчигч, 5177,4 тонн ачаа тээвэрлэж, 3,2 сая га талбайд авиа химийн ажил хийж, 48,6 сая төгрөгийн орлого оруулсан томоохон салбар болсон байна. Төв, хөдөөгийн нисэх буудлуудыг тохижуулах, нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан шөнийн нислэгийн радионавигаци, гэрэл техникийн системээр тоноглох, холбоо, цаг уурын хангалтын найдвартай байдлыг бэхжүүлэх талаар том алхам хийжээ. Мөн Ан-26 онгоц хоёрыг худалдан авч паркаа өргөтгөжээ.

1979 он

Ан-30 онгоц

       Иргэний агаарын тээвэрчид 44300 цагийн нислэг үйлдэж, 446700 зорчигч, 881300 кг ачаа тээвэрлэж, 65997900 төгрөгийн орлого оруулж, 6-р таван жилийн төлөвлөгөөт зорилтыг биелүүлжээ. Киевээс Ан-30 онгоцыг нисэх баг Улаанбаатар хотноо авчрав.

1986 он

 Аэровокзал

      1986 оны 07 дугаар сарын 28-ны БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 254-р тогтоолоор иргэний агаарын тээврийн албан хаагчдыг албан тушаалын зэрэглэл харгалзсан тэмдэгтэй дүрэмт хувцсанд шилжүүлж 1-11 хүртэл зэрэглэлтэй болгожээ. 07 дугаар сард Буянт-Ухаагийн аэровокзалыг ашиглалтанд хүлээн авч, 09 дүгээр сард Ховд аймгийн нисэх онгоцны буудлын хатуу хучилттай зурвасыг Аэровокзалын хамт ашиглалтанд оруулжээ.

ЧХОУНБ Ресторан

       БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1986 оны 02-р сарын 14-ний 31-р тогтоолоор НОТБ-д ресторан байгуулж, түүнийг гадаадын жуулчдад үйлчлэх газарт харьяалуулан аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулахыг Гадаад худалдааны яамны сайд асан Дулмаад даалгажээ. Уг тогтоолд НОТБ-д ресторан, зорчигч үйлчилгээний бусад цэг салбар болон нислэгийн үйлчилгээнд хэрэглэх хүнсний зүйл, бараа материал болон боловсон хүчний асуудлыг тэргүүн ээлжинд хангаж байхыг холбогдох яамдад даалгасан байна.

1989 он

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүн

        Монгол Улс 1989 онд нэгдэн орсон олон улсын иргэний агаарын тээврийн тухай Чикагогийн конвенци, эгнээндээ дэлхийн 186 орныг нэгтгэсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага /International Civil Aviaition Organisation/-д 1989 онд гишүүнээр элссэнээр олон улсын иргэний нисэхийн байгууллагуудын өмнө нислэгийн аюулгүй байдал, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах талаар зохих үүргүүдийг хүлээсэн юм.

1990 он

СИТА систем, ИАТА-ийн гишүүнчлэл

       1990 оны өмнөх жилүүдэд тухайн үеийн удирдлагуудын идэвх санаачлага, уйгагүй хөдөлмөр хөөцөлдлөгөөний үр дүнд ЗХУ-аас Ту-154 онгоц түрээсээр авч олон улсын шугамд ашиглах болсон нь Монголын агаарын тээврийн хөгжлийг дэлхий дахины жишигт хүрч хөгжихийн үндэс суурь нь болсон байна. Манай агаарын тээвэр Ту-154 онгоцоор олон улсын шугамд нисэх болсноор Москва, Иркутск, Бээжин хотуудад төлөөлөгчийн газраа нээн ажиллуулах болсон юм. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр БНПАУ-ын “ЛОТ”, БНАГУ-ын “Интерфлюг”, Финляндын “Финейр”, Скандинавын орнуудын “САС”, Холбооны Герман улсын “Люфтханза”, Францын “Эйрфранс” компанийн онгоцнуудыг өнгөрүүлж холбоо навигацаар үйлчлэх болсон нь манай эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсэн юм. Олон Улсын нислэгийн суудал захиалгын систем СИТА-д бүрэн гишүүнээр, Агаарын тээврийн олон улсын үнэ тарифын байгууллага ИАТА-д хагас гишүүнээр элссэнээр манай Иргэний агаарын тээврийн байгууллага дэлхийн бүс нутгийн ажил хэрэгч асуудалд бүрэн эрхтэй оролцох өргөн боломж нээгдсэн байна.

Аэродромын алба

        МИАТ нэгтгэлийн ерөнхий захирлын 1990 оны 5-р сарын 25-ны А88 тоот тушаалаар Аэродромын албыг аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллах, бие даасан алба болгох 1990 онд аэродромын бие даасан алба болгон шинээр байгуулж, мөн оны 7-р сарын 01-ээс аэрродромын технологийн тусгай зориулалтын 30 машин механизм бүхий баазтай болгон өргөтгөснөөр бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Авто бааз

      Аэродромын албаны гарааш нь МИАТ нэгтгэлийн даргын 1990 оны 05-р сарын 10-ны өдрийн А/88 тоот тушаалаар Улаанбаатарын төвийн аэродром талбай болон хөдөө аймгуудын нисэлгийн зурвас, аэродром талбайн засвар, үйлчилгээ хийх зорилготойгоор байгуулагдсан.

1992 он

      1992 онд анх удаа зорчигчдоос буудлын хураамж, авиакомпаниудаас буулт хөөрлтийн хураамж, бүртгэлийн цэг ашигласны түрээсийн төлбөр зэргийг авч эхэлсэн.

1995 он

      1995 онд ”Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал Олон улсын нисэх буудлуудын холбоонд гишүүнээр элсэн оржээ.

Аэродромын алба

        ИАТУГ-ын шийдвэрээр 1995 оны 4-р сарын 1-ээс аэродромын албаны бүтэц, зохион байгуулалтыг дахин өөрчлөж, аэродромын албыг буудлуудыг удирдах төвийн харьяанд, авто баазыг салган ИАТУГ-ын мэдэлд шилжүүлсэн юм.

1996 он

       1996 оны 01-р сарын 01-нд ИАТУГ-ын харьяа “ Нисэх буудлуудыг удирдах төв” гэж шинэчлэн зохион байгуулж байжээ.

Аюулгүй байдал, хамгаалалтын алба

      Олон улсын иргэний нисэхийн тухай конвенци”Чикаго -1944”-ийн стандарт зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Буянт-Ухаа  ОУНБ  Аюулгүй байдал, хамгаалалтын албыг Иргэний агаарын тээврийн удирдах газрын даргын 1996 оны 08-р сарын 20-ны өдрийн 218-р тушаалаар зохион байгуулсан юм.

1997 он

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

        1993-1999 оны хооронд ИАТУГ нь өөрийнхөө бүтцэд удаа дараа өөрчлөлт хийж байсан боловч тэр нь зах зээл өндөр хөгжсөн орнуудын иргэний нисэхийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, олон улсын иргэний нисэхийн салбарт мөрдөж байгаа нийтлэг стандарт, шаардлагыг төдийлэн хангаж чадахгүй байсан учраас олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО)-ын стандарт зөвлөмж, бусад орнуудын иргэний нисэхийн салбарын бүтэц, зохион байгуулалтын жишиг, Монголын иргэний нисэхийн салбарт Азийн хөгжлийн банкны техникийн буцалтгүй тусламжаар Австралийн MKI зөвлөх компанийн хэрэгжүүлсэн MON 1963 төслийн хүрээнд гаргасан зөвлөмж зэргийг үндэслэн Монгол Улсын засгийн газрын 1996 оны 300 дугаар тогтоол, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны а/14 тоот тушаалаар ИАТУГ нь иргэний нисэхийг хөгжүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр, ДБХЯ-ны стратегийн төлөвлөгөө, үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд тусгагдсан бодлогыг хэрэгжүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт нислэг үйлдэж байгаа болон тус улсын бүртгэлтэй агаарын хөлгүүд гадаад улсад үйлдэх нислэгийн аюулгүй байдлыг хангах, үүний тулд иргэний нисэхийн материаллаг баазыг хөгжүүлэх, тус салбарт дэлхийн түвшинд хүрсэн техник, технологийг нэвтрүүлэх, нислэгийн хөдөлгөөний болон иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, нисэх буудлын үйлчилгээ үзүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, хангах зорилго, үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болсон юм.

1998 он

Буянт-Ухаа Трейд Компани

        Буянт-Ухаа Трейд ХХК нь анх 1998 онд байгуулагдаж, 1998 оны 02-р сарын 01-нээс эхлэн Буянт- Ухаа олон улсын нисэх буудалд худалдаа үйлчилгээ явуулж  эхэлсэн юм. Тус компани нь өөрийн үйлчилгээг зөвхөн Буянт- Ухаа нисэх буудлын олон улсын нислэгийн болон орон нутгийн нислэгийн зорчигчдын танхимуудад худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.  Олон улсын нисэх буудлын статустай болсон.

Гал унтраах алба

       1998 оны 01-р сарын 3-ний өдрийн 31 тоот тушаалаар ОУНБ-ын харьяанд Гал унтраах, авран хамгаалах анги шинээр байгуулагдаж, богино хугацаанд агаарын хөлгийн гал унтраах, авран хамгаалах мэргэжлийн боловсон хүчин, техник хэрэгсэл бүхий ГУАХАлба болтлоо өргөжив.

1999 он

 Иргэний нисэхийн ерөнхий газар

        1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулиар ИАТУГ-ыг Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ) болгон өөрчилж хуульчлан баталлаа. ИНЕГ нь Олон улсын байгууллагын өмнө ижил үүрэг хүлээсэн байдгаас үндэслэн ИКАО-гийн гишүүн орнууд адил төстэй зохион байгуулалт бүхий ИНЕГ-тай байдаг тэр зохион байгуулалтын бүтцийн жишгээр 2000 оны эхний байдлаар тус газар ДБХ-ийн сайдын 1999 оны 139 тоот тушаалаах батлагдсан бүтэц орон тоогоор төв аппарат 82 хүний бүрэлдэхүүнтэйгээс 30 нь аюулгүй байдал, зохицуулалтын, 10 нь бодлого гадаад харилцааны, 21 нь санхүү, эдийн засгийн, 11 нь захиргаа, хүний нөөцийн асуудал хариуцан ажилладаг болсон байна. ИНЕГ-ын нисэхийн үйлчилгээний үйл ажиллагааг хэрэгжүүлэгч Буянт-Ухаагийн олон улсын нисэх буудал, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Техникийн хангалтын албан болон орон нутгийн 17 нисэх буудал нийт 1200 гаруй ажилтантай байв. Нийт ажилтнуудын 27 хувь буюу 337 хүн дээд боловсролтой, 19,5 хувь буюу 239 хүн тусгай мэргэжлийн дунд боловсролтой, 38,9 хувь буюу 420 нь иргэний нисэхийн мэргэжлийн ажилтнууд байжээ.

2000 он

2000 оны 9 сарын 22-ны өдрийн Дэд бүтцийн Сайдын 43 тоот тушаалаар ИНЕГ-т Нисэх буудлын салбарт мэргэжлийн талаас нь бүтэц, зохион байгуулалтын томоохон өөрчлөлтийг хийж, анхны Нисэх буудлын үйлчилгээ хариуцсан дэд даргаар аэродромын инженер Өлзийсайханы Энх-Амгалан, Нисэх буудлуудын үйлчилгээний хэлтсийн даргаар аэродромын инженер Дашзэвэгийн Цогням нарыг томилон ажиллуулж эхэлжээ. Нисэх буудлуудын үйлчилгээний хэлтсийн орон нутгийн нисэх буудал хариуцсан мэргэжилтнээр Н.Ямааранз, Ж.Бира нар ажиллаж эхэлсэн.

2001 он

2001 оноос эхлэн аюулгүй байдлын мэргэжилтнээр Авидын Азбилэг, аэродромын мэргэжилтнээр Г.Мөнхболд нар ажиллаж эхэлсэн.

2002 он

2002 оноос агаарын хөлгийн газрын үйлчилгээний мэргэжилтнээр Магсарын Цогтгэрэл, туслах ажилтнаар Б.Нэргүй, аюулгүй байдлын мэргэжилтнээр Б.Алтантуяа, Б.Энхтайван нар, хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтнээр Сандагийн Батбаатар нарыг томилон ажиллуулсан.

2006 он

2006 оны 11 дүгээр сард Зам, тээвэр аялал жуулчлалын Сайдын тушаалаар ИНЕГ-т бүтцийн өөрчлөлт хийж, Нисэх Буудлуудыг Удирдах Төвийг байгуулан харьяа газруудад Чингис хаан ОУНБ, Газрын тусгай үйлчилгээний алба, Шатахуун хангамжийн алба, Жаргалант дахь сувилал, Орон нутгийн 19 нисэх буудлуудыг нэгтгэсэн нийт 1536 ажиллагсадтай салбарын Төвийн даргаар Д.Цогнямыг дахин томилон ажиллуулжээ.

2008 он

2008 оны 3 дугаар сард Зам, тээвэр, аялал жуулчлалын Сайдын тушаалаар ИНЕГ-т бүтцийн өөрчлөлт хийгдэж, Нисэх буудлын салбарыг Нисэх буудлуудыг удирдах газрын зохион байгуулалтанд шилжиж, хариуцсан даргаар нь Д.Цогням, Мэргэжлийн хэлтсийн даргаар М.Даваажав, Менежерээр нь М.Цогтгэрэл, орон нутаг хариуцсан мэргэжилтнээр П.Болдбаатар, аэродром хариуцсан мэргэжилтнээр Ж.Ганбат, П.Ганболд, аюулгүй байдлын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр Б.Төгөлдөр, тээвэр зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр Болормаа, газрын үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр Балжинннямын Ганхуяг нарын боловсон хүчнүүдээр үйл ажиллагаа, цар хүрээгээ тэлж, энэ хугацаанд нийт 15 мэргэжлийн баг, хамт олон бэлтгэжээ.

2010-2013 он

2010-2013 онд Нисэх буудлуудыг удирдах газрын Ерөнхий менежерээр М.Даваажав, 2013-2015 онд Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Магсарын Цогтгэрэл, 2015 ондоо Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Ганболдын Мөнхболд,

2014 он

        Иргэний нисэхийн ерөнхий газрын нисэх буудлуудын үйлчилгээний газар болон үйл ажиллагаагаа явуулж байсан.

2015-2016 он

2015-2016 оны хугацаанд Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Л.Дашням, 2016 оноос эхлэн Д.Эрдэнэбаатар тус тус томилогдон ажиллаж байна.

2018 он

         ИНЕГ-ийн НБҮГ нь тус онд Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн”Бүтэц орон тоо шинэчлэн батлах тухай”  А/151 тушаалаар НБУГ-ын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн 3 хэлтэс 6 тасаг бүхий 65 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.